🔴Б.Дашпүрэв: Евро-2 төрлийн бүтээгдэхүүний татан авалтыг нэмэгдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ын ТНБД Б.Дашпүрэв:
-Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд 162 вагон цистерн буюу 9720 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс буулгах өртөөд дээр 32 вагон цистерн ирж, буулгахад бэлэн болоод байна. Мөн бид есдүгээр сард БНХАУ-аас найман мянган тонн автобензин авахаар захиалга хийсэн. Уг бүтээгдэхүүн Замын-Үүд өртөөнд орж ирэн, шингэн шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачилт нь хийгдэж байна.
ОХУ-аас нийлүүлэгдэх өдрийн ачилтын хэмжээ зарим өдрүүдэд буурсантай холбоотойгоор улсын хэмжээнд нөөцийг хангалттай өсгөж чадахгүй байгаа. Шатахууны нөөц найм хоногоос 11 хоног болж тодорхой хэмжээнд өсөж байсан ч ачилт саарснаар буцаад 1-2 хоногоор буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч захиалсан хэмжээ баталгаатай тул ачилтыг нэмэгдүүлэх хүсэлтийг холбогдох сувгуудаар ОХУ-ын талд тасралтгүй тавьж ажилласны үр дүнд сүүлийн өдрүүдэд 59 болон 64 вагон цистерн буюу өдөр тутмын хэрэглээнээс 1-2 дахин нэмэгдсэн хэмжээтэй ачилтууд гарч эхэлсэн.
Нийлүүлэлтийг төрөлжүүлэх хүрээнд БНСУ-аас хоёр мянган тонн дизель түлш татан авсан бол БНХАУ-аас есдүгээр сард 18 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээлснээс найман мянган тонн нь АИ-92 төрлийн Евро-5 автобензин ачигдан орж ирж байгаа.
Тоон үзүүлэлтийн хувьд улсын хэмжээнд өдөрт дунджаар тус бүр 60-65 тоннын багтаамжтай 34 вагон цистерн орж ирснээр ердийн хэрэглээ хангагддаг. Өнгөрсөн наймдугаар сард тасалдал үүссэнтэй холбогдуулан хүсэлт тавьснаар хоногт дунджаар 38.3 вагон цистерн шатахуун импортолж байсан бол есдүгээр сард энэ дундаж 33 вагон цистерн болж буурсан нь хэрэглээгээ арай ядан даах нөхцөлийг үүсгэсэн. Гэхдээ ОХУ-аас авах үлдэгдэл 18 мянган тонн болон БНХАУ-аас орж ирж буй найман мянган тонн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр үлдсэн хоногуудад тасалдал үүсэхгүй байх боломж бүрдэж байна.
Наймдугаар сард авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд шатахуунгүй байсан алслагдсан сумдад түлш хүргэж, хонон өнжин дугаарлах явдлыг сааруулсан ч өнөөдрийн байдлаар 5-6 аймагт дугаарлалт хязгаарлалттай байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд Евро-5 болон АИ-95 төрлийн бүтээгдэхүүн дээр дугаарлалт үүсээгүй, харин хямд үнэтэй энгийн АИ-92 (Евро-2) автобензин дээр оочир дараалал үүсээд байгаа.
Агуулах савны багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ жил 300 мянган шоо метр савны бүтээн байгуулалтыг эхлүүлснээс 150 мянган шоо метрийн багтаамжийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ долоо хоногт "Сампетролиум" компани 16 мянган шоо метрийн савыг ашиглалтад оруулсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.