🔴Х.Бадамгэрэл: Гадаадын иргэн Монгол Улсын нэр, төрийн далбааг ашиглан олон улсын тэмцээнд оролцож буй нь тусгаар тогтнолд халдаж буй хэрэг
Олон улсын миссийн томоохон тэмцээнүүдийн нэг болох “Miss Grand International”-д Монгол Улсыг төлөөлөн гадаадын иргэн оролцож буй асуудлаар Топ модель Х.Бадамгэрэл холбогдох яам, төрийн байгууллагуудтай уулзаж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр уг үйл явдлыг зөвхөн загвар, гоо сайхны тэмцээний хүрээний асуудал бус, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улсын нэр хүндтэй холбоотой асуудал болохыг онцоллоо.
Топ модель Х.Бадамгэрэл:
-Монгол Улсын Үндсэн хуульд төрийн бэлгэ тэмдэг, улсын нэрийг хэрхэн хэрэглэх талаар тодорхой заасан байдаг. Салбарын сайд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан төрийн болон дипломат бүх сувгаар Тайланд улсын талд албан шаардлага, хүсэлтүүдийг хүргүүлсэн байна.
Миний зүгээс тэмцээнийг зохион байгуулагч тал руу өчигдөр албан захидал илгээсэн. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Тэмцээн нийт 20 орчим хоног үргэлжилдэг. Монгол Улсын нэр, төрийн далбаа, “Mongolia” гэсэн бичигтэй туузыг ашиглахыг зогсоох хүсэлтийг өдөр бүр тавих шаардлагатай.
Дэлхийн хэмжээнд “Их дөрөв” буюу “Miss Universe”, “Miss World”, “Miss International”, “Miss Earth” зэрэг нэр хүндтэй тэмцээнүүд байдаг. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд 70-аас дээш орон оролцдог цар хүрээ, чансаагаараа “Miss Grand International” болон “Miss Supranational” тэмцээн мөн зохион байгуулагдаж байна.
Энэ тэмцээнүүд нь улс бүрээс албан ёсны эрх авсан лиценз эзэмшигчдээр дамжуулан оролцогчоо хүлээн авдаг. Монгол Улсыг төлөөлөх оролцогч явуулж буй байгууллагууд жил бүр 5,000-20,000 ам.долларын өндөр төлбөр төлж байж албан ёсны франчайз эрхийг хууль ёсоор авдаг.
“Miss Grand International” тэмцээний хувьд сүүлийн 7-8 жилийн хугацаанд Монгол Улсад лиценз эзэмшигч байгаагүй, Монголын талаас ямар ч албан ёсны оролцогч явуулаагүй. Гэтэл өөр улсын иргэн Монголын нэр, төрийн далбаа, үндэсний онцлогийг дур мэдэн ашиглаж байгаа нь тусгаар улсын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Ийм тохиолдол өмнө нь 2022 онд мөн гарч байсан. ОХУ-ын иргэншилтэй, Якутын бүсгүй “Miss Grand Mongolia” нэрээр энэ тэмцээнд оролцож байсан. Тухайн үед салбарынхан шүүмжилж байсан ч төрийн түвшинд анхаарал хандуулалгүй өнгөрсөн.
“Miss Grand International” тэмцээний зохион байгуулагч Нават (Nawat) өөрийн цахим хуудсандаа “Үндэслэлтэй зүйл ярих хэрэгтэй” гэх утга бүхий тайлбар нийтэлсэн нь тэд Монголын талаас үүсгэж буй эсэргүүцлийг анзаарч, мэдээлэл авсныг харуулж байна.
Энэ бол зөвхөн миссийн эсвэл Х.Бадамгэрэл гэдэг хувь хүний тухай асуудал биш. Монгол Улс иргэндээ санаа тавьдаг, тусгаар тогтнолоо хамгаалдаг гэдгийг харуулсан том агуулгатай. Монголын түүх, үнэт зүйл, үзэл санаа, тусгаар тогтнолыг харийн хүн дур мэдэн төлөөлөх эрхгүй. Төр засаг маань цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч байгаад талархаж байна. Цаашид төрөөс эх орноо төлөөлөн гадаад улсад тэмцээнд оролцох эрх олгодог лиценз эзэмшигчид болон загварын салбарын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, нэгдсэн зохицуулалттай болох нь өнөөдрийн уулзалтын гол үр дүн байлаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.