🔴Б.Найдалаа: Оюутолгойн эрчим хүчний импортыг дотоодын эх үүсвэрээр орлуулна

AI хөрвүүлсэн
🔴Б.Найдалаа: Оюутолгойн эрчим хүчний импортыг дотоодын эх үүсвэрээр орлуулна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдаа, Оюутолгой төслийн эрчим хүчний хангамж болон салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

-Сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдааг үе шаттайгаар баталж, амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ оны тавдугаар сард өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд таван аймгийн байршилд зарласан анхны дуудлага худалдаа болж, Монгол Улсын түүхэнд анх удаа нэг кВт.цаг эрчим хүчний үнэ 4.85 цент болж буурсан. Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний худалдан авах гэрээнүүд 9-17 центийн үнэтэй байсан тул иргэдийн дунд сэргээгдэх эрчим хүч өндөр өртөгтэй гэсэн ойлголт тогтсон байсан. Технологийн дэвшлийн үр дүнд Монголд ч хямд үнээр шийдэх боломжтойг нээлттэй дуудлага худалдаа харуулсан. 

Өнөөдрийн байдлаар говийн бүсэд хоёр багц дуудлага худалдаа зарлагдаад байна. Үүний нэг нь Олон улсын санхүүгийн корпорацтай (ОУСК) хамтран зарлаж буй Дундговь аймаг дахь 100 МВт-ын хүчин чадалтай батарей хураагуургүй салхин цахилгаан станцын төсөл. Өнөөдөр явагдсан хоёрдугаар багц нь Оюутолгойн гаднаас импортолж буй эрчим хүчийг орлуулах, дотоодын эх үүсвэрийг бий болгох зорилготой дуудлага худалдаа юм. 

Оюутолгойн хувьд эрчим хүчээ 100 хувь гаднаас импортолж байгаа хэдий ч 2030 онд дуусах гэрээний дагуу Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүч худалдан авах үүрэгтэй. Иймд импортын хараат байдлаас богино хугацаанд гарахын тулд хамгийн хурдан баригдах боломжтой, байгаль орчинд ээлтэй, хөрөнгө оруулагчдад бэлэн, өртөг хямд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сонгосон. 

Дуудлага худалдааг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн бүх нийтэд ил тод, нээлттэй зарласан. Нийт 10 компани оролцохоо илэрхийлснээс эцсийн шатанд таван компани материалаа ирүүлсэн. Эдгээрээс эрчим хүчний чанарыг 99.5 хувийн найдвартайгаар тохируулан нийлүүлэх техникийн шаардлагыг бүрэн хангасан хоёр компани дуудлага худалдаанд өрсөлдлөө. 

Иргэд төслийн нийт үнийн дүнг дуудаж байна гэсэн буруу ойлголттой байна. Энэ төсөлд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй, хөрөнгө оруулалт болон бусад бүх зардлыг хувийн хэвшил өөрсдөө 100 хувь хариуцна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалттай тендерээс ялгаатай нь энэхүү шалгаруулалт нь сүлжээнд хамгийн бага үнээр эрчим хүч нийлүүлэх саналыг л шалгаруулдаг онцлогтой. Эцсийн шатанд өрсөлдсөн хоёр компани үнэ хаялцсаар 7.09 центийн үнэ дээр тогтсон. Энэ нь үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн сүлжээнд 7.09 центээр худалдаж, төвийн сүлжээ цааш нь Оюутолгойд харьцангуй өндөр үнээр нийлүүлнэ гэсэн үг юм. Үнийн зөрүүгээс төвийн эрчим хүчний системд бодит ашиг үлдэнэ. 

Найдвартай ажиллагааны талаар тодруулахдаа, өмнө нь Монгол Улсад өмнөд бүсэд эх үүсвэр байгаагүй төдийгүй Оюутолгойн шаарддаг 99.5 хувийн найдвартай байдлыг дотоодын системээс хангах боломжгүй байсан учраас тэд эрчим хүчээ Хятадаас авч ирсэн. Харин энэ жил "Зэс Оюу" хуваарилах байгууламж ашиглалтад орсноор төвийн сүлжээнээс Оюутолгой руу эрчим хүч дамжуулах техникийн боломж бүрдсэн. 

Улс төрийн хүрээнд янз бүрийн таамаг шүүмжлэл ярьдаг. Салбарын сайдын хувьд хэн шалгарах нь ямар ч хамаагүй. Хамгийн гол нь бид эрчим хүчний хараат бус болохын тулд оролцогчдын 75-аас доошгүй хувь нь дотоодын үндэсний компани байх шаардлага тавьсан. 

Шалгарсан "Эм Си Эс" тэргүүтэй консорциумын хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж, тохируулга нөөцийг Хятадын импортын урсгалыг бууруулах замаар зохицуулахаар санал болгосон. Монголчууд дотооддоо эх үүсвэрээ барьж, гадагшаа урсаж байгаа валютыг эх орондоо үлдээх нь Рио Тинтогийн талд үйлчилсэн хэрэг биш. Мөн Ганцмод боомтын цаана Хятадын талд 3 ГВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний томоохон станцууд байдаг бөгөөд тэднээс худалдан авч байхаар нутагтаа эх үүсвэр барих нь зөв шийдэл  Энэхүү дуудлага худалдаанд бодлогын болон хууль журмын ямар ч зөрчил гараагүй, бүх зүйл ил тод явагдсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.