Г.Туяа:
“Их засаг Чингис хаан” боловсролын корпорацын харьяанд өдгөө дөрвөн ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ), Политехникийн коллеж болон “Их засаг” олон улсын их сургууль тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд тус корпорац нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Их засаг Кингс” бүрэн дунд сургуулийг шинээр үүсгэн байгуулж, энэ хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлээд байна.
Тус сургуулийг байгуулсан нь Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдын бодит эрэлт, хүсэлт дээр үндэслэсэн аж. Дүүргийн хэмжээнд сургуулиудын ачаалал их байдаг бөгөөд “Их засаг” их сургуулийн 30 гаруй жилийн арвин туршлага, багшлах боловсон хүчний чадавх, нөөц бололцоонд түшиглэн дүүрэгтээ Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй дунд сургууль нээж өгөхийг иргэд олон жилийн турш хүсэж иржээ. Иргэдийн энэхүү хүсэлтийн дагуу тус корпорацын үүсгэн байгуулагчид болон удирдлагын баг 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалт, нөөц боломжоор Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн чадамж бүхий дунд сургуулийг ашиглалтад оруулж, одоогоор хичээл, сургалт хэвийн горимоор явагдаж байна.
Түүнчлэн “Их засаг Чингис хаан” боловсролын корпорац болон “Их засаг Кингс” бүрэн дунд сургуулийн зүгээс Боловсролын яам, Сангийн яам болон бусад төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн санхүүжилт хүссэн албан бичиг, хүсэлт огт гаргаагүй болохыг сургуулийн удирдлагууд мэдэгдлээ.
Өнгөрсөн зургаа, долоодугаар сарын хугацаанд Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль”, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрүүдийн хүрээнд холбогдох албаныхан болон Нийслэлийн Боловсролын газрын (НБГ) төлөөлөл шинээр баригдсан сургуулийн барилгатай танилцсан байдаг. Энэ үеэр тус сургуулийн сургалтын таатай орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөцийг судалж үзээд “Төрөлжсөн ахлах сургуулийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байна. Иймд Боловсролын яамтай хамтран төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр ажиллах боломж бий юү” гэх саналыг тавьжээ.
Гэвч тус сургуулийн зүгээс аль хэдийн 1-12 дугаар ангийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрөө батлуулж, элсэлтийн зарыг олон нийтэд хүргэн сурагчдаа бүртгэж, багшлах бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн байсан тул “Төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр хамтран ажиллах боломжгүй” гэсэн хариуг тухайн үед нь өгсөн байна. Одоогийн байдлаар “Их засаг Кингс” сургууль 1-12 дугаар ангийн нийт сурагч, багш нарын бүрэлдэхүүнтэйгээр ямар нэгэн доголдолгүй, сургалтаа бүрэн хэвийн явуулж байгаа юм.
Гэтэл сүүлийн өдрүүдэд “Төсвийн тодотголд тус сургуульд зориулан 3 тэрбум 500 сая төгрөг суулгаж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэнд сургуулийн хамт олон маш их гайхаж, бухимдалтай хүлээн авч буйгаа илэрхийллээ.
Сургуулийн удирдлагын зүгээс “Төрөлжсөн ахлах сургууль байгуулах талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, зөвшөөрөөгүй байхад сургуулийн нэр хүндэд ийнхүү халдаж байгаад харамсаж байна. Их засаг олон улсын их сургууль, Хүннү групп, ‘Их засаг Чингис хаан’ боловсролын корпорац нь сүүлийн 33 жилийн турш төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр, авах ч шаардлагагүйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, олон мянган боловсон хүчнийг нийгэмд бэлтгэн гаргасан. Цаашид ч төрөөс санхүүжилт авахгүйгээр, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын үйлчилгээ үзүүлэх бүрэн нөөц чадамж бидэнд бий. Энэхүү асуудал нь улс төрийн ямар нэгэн зорилгоор сургуулийн хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийг гутаах гэсэн үйлдэл үү гэх хардлагыг төрүүлж байна. Төрөөс нэг ч төгрөг хүсэж бичиг баримт өгөөгүй, цаашид ч өгөхгүй” хэмээн хатуу байр сууриа илэрхийлэв.
Мөн энэхүү асуудлаар Боловсролын яамтай албан ёсоор холбогдож тодруулахад тус яамны зүгээс “Хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийг гуйвуулсан байна, яамнаас ийм зүйл огт яриагүй” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.