Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад 2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг “Манас-2” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Киргиз-Монголын Засгийн газар хоорондын комиссын киргизийн хэсгийн дарга У.Э.Маматканов, тус улсын Гадаад хэргийн дэд сайд С.Жумакадыр уулу, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Тэгшжаргал болон албаны бусад хүн угтаж авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Мөн тус байгууллагын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

ШХАБ нь Засгийн газар хоорондын байгууллага юм. Жил бүр Төрийн тэргүүн нарын зөвлөл, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг.
Гишүүн орнууд ШХАБ-ыг нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй.
Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.
Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болжээ.
27 улсыг хамардаг ШХАБ нь өдгөө:
- Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
- Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бататгах,
- Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх,
- Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.