УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав.

263f5e98ab844c3499db660a5ba0eba6?d=0Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Энэ удаагийн айлчлал Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд тохиож буй түүхэн ач холбогдолтойг дурдаад, Улсын Их Хурлын  даргын хувиар хийж буй анхны гадаад айлчлалаа Европын Холбооны гишүүн улсаас эхлүүлсэн нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.  

12b71fc91ae24344b277df407f2fcce4?d=0Европын парламентын гишүүн Хана Жалу Муро хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчилж байснаа дурсаад, хоёр том гүрний дунд байдаг Монгол Улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй гадаад харилцааны ололт, амжилтыг сонирхон суралцдаг хэмээв.

Тэрбээр, Европын Холбооны хувьд стратегийн тэнцвэртэй байдлыг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг олон орнуудтай өрнүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрийг Латин Америкийн тодорхой улсуудтай байгуулж байгаагаас гадна Азийн орнуудтай хэрэгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж байна гэлээ.

ebc06bc0aeb8446bb55b6a28bc1eaa64?d=0Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс Европын парламентаар дамжуулан улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлэхээр эрмэлзэж буйг тодотгосон. 

Тэрбээр монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнууд руу экспортлоход татвараас чөлөөлөх тухай худалдааны хэлэлцээрийг байгуулсан ч хэлэлцээр төдийлөн сайн хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, Азийн улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаар дамжуулан Хятад Улсын зах зээл рүү гаргах боломж бий гэдгийг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Европын Холбооны улсуудын иргэд Монгол Улсад сарын хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг тэмдэглээд, монгол иргэдэд үзүүлэх визийн үйлчилгээг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

Энэ удаагийн уулзалтаар хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, гадаад бодлогын асуудлаар санал солилцлоо. 

e67f1275fde542519d2271ddd2f072cb?d=0Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д хүрэлцэн ирж оролцохыг хүссэн юм. 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн. Б.Мөнхсоёл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.