Хаягдал хясааны хальсаар Нью-Йоркийн боомтыг нөхөн сэргээж байна
Нью-Йорк хотын "Billion Oyster Project" ашгийн бус байгууллага ресторануудын хаягдал хясааны хальсыг ашиглан тус хотын боомтын экосистемийг нөхөн сэргээх санаачилгыг хэрэгжүүлж байна.
Тус байгууллага 2030 он гэхэд боомтын усанд нэг тэрбум амьд хясааг нутагшуулах, мөн Нью-Йорк хотын нэг сая сурагчийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах зорилт тавин ажиллаж байгаа юм. Байгаль хамгаалах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар Нью-Йорк хотын 75 гаруй далайн хоолны ресторан, хясааны баарнуудаас 3.2 сая гаруй фунт (ойролцоогоор 1.45 сая килограмм) дахин боловсруулсан хясааны хальс цуглуулаад байна. Цуглуулсан хальснуудыг ангилах, угааж цэвэрлэх болон бэлтгэх ажилд сайн дурынхан голлох үүргийг гүйцэтгэдэг байгаа аж.
Цэвэрлэж, ариутгасан хясааны хальснуудыг байгалийн хясааны хадтай ижил бүтэцтэй, байгальд ээлтэй хиймэл хадны бөмбөрцөг хэлбэртэй байгууламжуудад байрлуулдаг. Эдгээр хиймэл байгууламжууд нь шинэ хясааны авгалдайнууд бэхлэгдэн өсөж үржих үндсэн суурь болж өгдөг байна. Ингэснээр далайн ёроолд байгалийн мэт нарийн төвөгтэй хясааны хадны экосистем шинээр бүрэлдэх нөхцөл бүрддэг ажээ.
Өнөөдрийг хүртэл тус төсөлд Нью-Йорк хотын 16,000 гаруй оршин суугчид сайн дураараа нэгдэж, хясааны хальс цэвэрлэх, хадны байгууламж барих, тоолох ажилд гар бие оролцсон байна. Төслийн үр дүнд Нью-Йоркийн усанд 180 сая гаруй амьд хясааг амжилттай нутагшуулаад байгаа бөгөөд боомтын янз бүрийн хэсэгт 19 акр гаруй талбайг хамарсан хясааны хадыг шинээр бий болгожээ.
Хясааны хадыг ийнхүү нөхөн сэргээх нь далайн биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхээс гадна бохирдсон усыг байгалийн аргаар шүүж цэвэрлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн хүчтэй шуурга, далайн давалгааны элэгдлээс эргийн бүсийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлдэг байна. Цаашид 2030 он гэхэд тавьсан зорилтдоо хүрч, Нью-Йорк хотын боомтыг илүү цэвэр, амьд экосистемтэй болгохоор төслийн багийнхан үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.