Жоомоо алах гээд гэрээ шатаах вий!
Украины зүгээс нарийн төлөвлөгөөний дагуу явагдаж буй дроны халдлагын улмаас ОХУ-д шатахуун, түлшний хомстол үүссэн гэдэг мэдээллийг бид өдөр бүр шахам авч байгаа.
ОХУ-аас шатахуун, түлшний 100 хувь хамааралтай улсын хувьд санаа зовоох мэдээ. Ялангуяа, амралт зугаалгын улиралтай таарсан нь хэн хүнийг түгшээж байгаа нь нууц биш.
Засгийн газрын хувьд өөрсдөөс шалтгаалах “гэрийн даалгавар”-аа гайгүй хийж байгаа сурагтай.
Юун түрүүнд, шатахуун түлшний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд 22 ширхэг нөөцийн сав барих ажлыг эхлүүлээд байгаа аж. 30 жилд хийгдэж байгаа ажил гэхээр өнгөрсөн хугацаанд сонгогдож байсан Ерөнхий сайд нар, Уул уурхайн сайд нар сэтгэлтэй байсан гэх үү, дэндүү алгуур назгай байсан гэх үү. Шатахуун, түлш дэлхийн зах зээл дээр хямдрахаар нь хэдэн арван сараар нь нөөцлөөд авчихдаг БНСУ зэрэг улс орны тухай мөн ч олон жил ярьж байна даа.
Оргүй байснаас оройтоод ч хамаагүй энэ асуудлыг нэг тийш нь болгохоор зориглосон нь маш зөв. Бүтээн байгуулалт нь хурдан дуусаад, одоо байгаа нэг сарын нөөцийн саваа 2-3 сар болгоод нэмэгдүүлчих юм бол улсаараа урагш ахилаа гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, Засгийн газраас ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Казакстан зэрэг улстай шатахууны асуудлаар хэлэлцээ хийж, татан авахаар гэрээ хэлцэл хийж эхлээд байгаа юм байна. Өргөн царигаар холбогддог ОХУ-аас шатахуун, түлш авах нь бусад улстай харьцуулахад илүү хурдан, шуурхай юм гэнэ лээ. Тээвэр логистикийн энэхүү хүндрэлийг шийдэхийн сацуу нефть импортлогч компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх биз ээ.
Байдал ийм амаргүй байгаа үед сөрөг хүчний зүгээс “Шатахуун хомстож эхэллээ. Оочирлоод эхэлсэн байна” гэдэг мессежийг олон нийт рүү цацаад эхэлчихжээ.
Шатахуун хомстохоор олон нийт Засгийн газрыг, тэр дундаа Ерөнхий сайд, АҮЭБ-ийн сайдыг нүдэх нь ойлгомжтой ч өсөлтөөс үүдсэн инфляци, үнийн өсөлт, зах зээл дэх шок ёстой хэнийг ч ялгахгүй нөмөрнө. Кинонд гардагчлан хар, шар хэнийг ч ялгахгүй шүү дээ.
Шатахууны хомстолоос үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ нүд ирмэхийн зуур нэмэгддэг нь манайд тогтсон зүй тогтол. Нэг өссөн үнэ хэзээ ч буудаггүй. Сөрөг хүчний сонгуулийн “хөзөр”-ийн муу нөлөөгөөр ард нийтээрээ халаасаа сэгсэрч, ядуурал руугаа улам гулсах нь тодорхой юм.
Иймд “шатахууны хомстол” гэдэг үгийг үгийн сангаасаа түр хасмаар санж.
Жоомоо алах гээд гэрээ шатаах вий!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.