Францын Вар мужид гарсан ойн түймэр 2,550 га газрыг хамарчээ
Францын зүүн өмнөд хэсгийн Вар мужид 2026 оны долоодугаар сарын 21-нд хүчтэй ойн түймэр гарч, богино хугацаанд 2,550 га газар шатжээ.
Понтевес суурингийн ойролцоо эхэлсэн гал хүчтэй салхины нөлөөгөөр өмнө зүгт хурдацтай тархаж, Котиньяк, Корренс, Монфор-сюр-Арженс зэрэг суурингуудыг хамарчээ. Гал түймрийн улмаас 10 орон сууц бүрэн шатаж, 50 орчим барилга байгууламж галд өртсөн байна.
Аюултай бүсээс таван суурингийн 400 орчим оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Котиньяк сууринд 2,300 гаруй айл өрх цахилгаангүй болж, сэргээн засварлах ажил үргэлжилж байна.
Одоогоор хоёр гал сөнөөгч, хоёр энгийн иргэн нийт дөрвөн хүн бэртсэн талаар мэдээлжээ. Галыг унтраахаар 900-1,100 гаруй гал сөнөөгч, 350 гаруй техник хэрэгсэл ажиллаж байгаа бөгөөд агаараас найман Canadair онгоц, дөрвөн нисдэг тэрэг, хоёр Dash онгоц оролцон 100 гаруй удаагийн ус асгалт хийсэн байна.
Галыг цурманд оруулж, үлдсэн голомтуудыг бүрэн унтраахаар ажил үргэлжилж байна. Францад энэ онд хэт халалт, ган гачгийн улмаас нийт 40-44 мянган га ой, хээрийн талбай түймэрт өртөөд байгаа нь өмнөх жилүүдийн дунджаас өндөр үзүүлэлт болжээ. Эрх баригчид гамшигт өртсөн бүсийн дэд бүтцийг сэргээж, цахилгаан хангамжийг хэвийн болгох ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.