🔴З.Төмөртөмөө: УДЭТ-ын үе үеийн удирдлагууд театрын эзэмшлийн талбайгаа зарж идсэн

AI хөрвүүлсэн
🔴З.Төмөртөмөө: УДЭТ-ын үе үеийн удирдлагууд театрын эзэмшлийн талбайгаа зарж идсэн

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Улаанбаатар хотын орлогч асан Т.Төмөртөмөө Улсын драмын эрдмийн театрын (УДЭТ) урд талын талбайд байрлах LED дэлгэцийг буулгасан асуудал болон тус газрыг тойрсон ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр УДЭТ-ын нэр бүхий уран бүтээлчид, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Амгаланбаатар нарын шаардлагаар буулгасан уг дэлгэцийг хууль ёсны дагуу зөвшөөрлөө авч тавигдсан байсныг онцлов.

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө: 

-Төр нэг гараараа хуулийн дагуу зөвшөөрөл олгочихоод, нөгөө гараараа олон нийтийн сүлжээний давалгаа, олны танил хүмүүсийн шахалтаар шийдвэрээ цуцалж болохгүй. Энэ дэлгэцийг ажиллуулж байсан залуус надад хандсан. Миний хувьд энэ бизнест ямар нэгэн хувийн ашиг сонирхол, хамаарал байхгүй, хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн.

Банкны зээл авч хөрөнгө оруулалт хийсэн залуусын олон зуун сая төгрөгийн хохирлыг хэн барагдуулах вэ? УДЭТ-ын удирдлагууд болон уран бүтээлчид энэ талбайг театрын эзэмшил газар гэж тайлбарладаг. Би хотын орлогчоор ажиллаж байхдаа санаачлан, театрын урд хэсгийн автомашины зогсоолыг болиулж, иргэд алхаж зугаалдаг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчилсөн. Энэ талбай нь театрт ямар ч хамааралгүй, нийтийн эзэмшлийн газар.

Нийслэлийн хурлаар баталсан тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах байршлын жагсаалтад Сүхбаатар дүүргийн 43 байршил дунд "Драмын театрын зүүн хойд тал" гэх нэршил орж ирсэн. Энэ талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ил болон далд зогсоол барихаар төлөвлөж, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хариуцаж байгаа. Далд зогсоолыг миний хувьд дэмжинэ. 

Гэвч уг зогсоолыг барилгын стандарт зөрчин баригдсан, хотын төвд байрлах 50-60 давхар өндөр барилга бүхий олон улсын сүлжээ зочид буудалд зориулан гаргаж өгөх гэж байна гэх мэдээлэл ирсэн. Энгийн иргэдэд барилга хоорондын зай, стандарт шаарддаг атлаа эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст хотын төвд зам дагуу ийм өндөр барилга барих зөвшөөрөл өгсөн. Одоо уг сүлжээ зочид буудлын стандартыг хангахын тулд нийтийн эзэмшлийн энэ талбайг тэдэнд зогсоол болгон ашиглуулахаар үгсэн хуйвалдаж байна.

Хэдхэн хоногийн өмнө театрын үзэгдэх орчныг хааж байрлуулсан "Юнител" корпорацын том объектыг эсэргүүцээгүй атлаа жижиг бизнес эрхлэгч залуусын LED дэлгэцийг сүр дуулиантайгаар буулгуулсанд харамсаж байна. Театрын үе үеийн удирдлагууд театрын эзэмшлийн газруудыг, худалдаж дуусгасан. Энэ асуудлаар МУГЖ С.Амгаланбаатар тэргүүтэй хүмүүсийг газар зохион байгуулалтын асуудлаар нээлттэй мэтгэлцээнд хийхэд бэлэн. 

Хэрэв уг зогсоол нийтийн эрх ашгийн төлөө бус, ганцхан компанийн өмчлөлд шилжих юм бол Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувиар тууштай эсэргүүцэх болно гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.