🔴Ц.Идэрбат: Хорио цээр цуцлагдаж, нийлүүлэлт хэвийн болсноор махны үнэ тогтворжих хүлээлттэй байна

AI хөрвүүлсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт, малын эрүүл мэнд болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Засгийн газраас ирэх өвлийг хүндрэл бэрхшээлгүй давах зорилгоор долоодугаар сарын 1-ний өдөр тогтоол гаргаж, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг одоогоор Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд цаашид 21 аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийг газар дээр нь шалгах ажлыг үргэлжлүүлнэ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрат: 

-Энэ жилийн хаврын тариалалтад төрөөс шатахууны зээл, үр, бордооны дэмжлэг үзүүлсний үр дүнд улсын хэмжээнд 530 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн. Ирэх наймдугаар сарын 20-нд ургацын урьдчилсан баланс нэгтгэгдэж, ургацын хэмжээ, улаан буудайн чанар тодорхой болно. 

Намрын ургац хураалтын бэлтгэл ажлын хүрээнд шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх зорилгоор наймдугаар сарын 4-ний өдөр тендер үнэлэгдэж, шаардлагатай 3.2-3.5 мянган тонн шатахууныг Хөдөө аж ахуйн корпорацын нөөцийн саванд хадгална. Ургац хураалтын ажиллах хүчийг оюутан, цэрэг, цагдаагийн хүчийг сайн дурын үндсэн дээр, тодорхой хөлс урамшуулалтайгаар дайчлан шийдвэрлэнэ. Өнгөрсөн онд тохиолдсон гангийн улмаас санхүүгийн хүндрэлд орсон газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь энэ жилийн гол зорилт. Энэ жил улсын хэмжээнд нийт нутгийн 10 орчим хувь нь гандуу байна.

Зудын эрсдэлийг бууруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Нутгатаа эзэн 100 мянга" хөтөлбөрийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлж, 1000 гаруй өрх ногоон тэжээл тариалах ажилд нэгдсэн. 

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэхгүйгээр малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй. Ховд, Баян-Өлгий аймгуудад гарсан үхрийн сат өвчний дэгдэлтийг вакцинжуулалтаар бүрэн зогсоосон. Долоодугаар сарын 25-нд ОХУ-аас дахин хоёр сая тун вакцин авч, баруун аймгуудын үлдсэн сумд болон Говь-Алтай, Завхан, Увс аймгуудад тарилга хийнэ. 

Энэ оны аравдугаар сар гэхэд дотооддоо вакцины туршилтын эхний тунг гаргаж авч, хээрийн туршилт хийсний үндсэн дээр 2027 оны намрын шүлхийн тарилгыг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар хийхээр төлөвлөж байна.

Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох зорилгоор таван аймагт арьс шир бэлтгэх туршилтын төслийг эхлүүлсэн. Зүүн гурван аймгаас үхрийн шир, Хөвсгөл, Архангай аймгаас хонины нэхийг стандартын дагуу бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх ажил эхэлсэн. Дотоодын арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих, импортын хямд гутлын татварын зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна. Цаашид баруун бүсэд Ховд, төвийн бүсэд Архангай, Өвөрхангай, Улаанбаатарт Эмээлтийн аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлнэ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил" төслийн хоёрдугаар шатыг эхлүүлж байна. Төслийн хүрээнд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банктай гэрээ байгуулж, 200 орчим тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Зээл нь жилийн есөн хувийн хүүтэй, долоон жил хүртэлх хугацаатай байх бөгөөд эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Зээлийг зориулалтын бусаар ашиглавал арилжааны хүү рүү шилжүүлэх хатуу хяналтын тогтолцоо үйлчилнэ.

Зээлийг мах, сүүний үйлдвэрлэл, арьс шир, ноос ноолуур гүн боловсруулах үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, дөрвөн улирлын хүлэмж, зоорь барих болон цөм сүргийн аж ахуйн нэгжүүдэд олгоно. 

Махны үнийн хөөрөгдлийг бууруулахад нийслэл болон аймгууд нөөцийн мах бэлтгэлд онцгой анхаарч байгаа. Хөдөө орон нутагт малчдын гар дээрээс борлуулагдаж буй үнэ болон Дэнжийн мянга худалдааны төв дээрх бөөний үнэ харьцангуй хямд байгаа ч жижиглэнгийн дэлгүүрүүдэд очихдоо 3-4 дамжлага дамжин үнэ нь хэт өсөж байгаа тогтолцооны гажгийг засахаар Нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна. Баруун аймгуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийг наймдугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар цуцалснаар баруун бүсээс малын мах нийслэл рүү чөлөөтэй нийлүүлэгдэж, үнэ тогтворжих хүлээлттэй байна. Саат өвчний улмаас устгасан 4075 үхрийн нөхөн төлбөрийг Үндэсний статистикийн хорооны тухайн үеийн ханшаар бодож, бичиг баримтын бүрдүүлэлт дууссаны дараа малчдад олгоно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.