13-аас доош насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлана

AI хөрвүүлсэн
13-аас доош насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлана

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.4ded4f1f07094b68b3bb9f8f7f5ceb27

Уг хууль батлагдсанаар 2027 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, 13-аас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хязгаарлах юм. Харин 13-аас дээш насны хүүхдүүд эцэг эхийн оролцоотойгоор, өөрийн жинхэнэ хаягаар цахим орчинд нэвтрэх боломж бүрдэнэ.

Өнөөдөр дэлхий дахинд хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах дорвитой алхмуудыг хийж байна. Тухайлбал, Австрали улс 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээн дэх оролцоог хуулиар хязгаарласан бол Европын орнууд, Бразил, Филиппин, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг улсууд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байгаа юм.

Манай улсын хувьд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 30 орчим хувь нь өдөрт дөрвөөс дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлж байна. Хоёр настайгаасаа эхлэн ухаалаг утас хэрэглэж, цахим орчинд донтох, улмаар аюулгүй байдлаа хамгаалж чадахгүйн улмаас эрх нь зөрчигдөх тохиолдол ихэссэн тул энэхүү харилцааг цэгцлэх шаардлага үүсжээ.

Нийт зургаан бүлэг, 20 зүйлтэй уг хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын стандарт, эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судалсан байна. Төслийн хүрээнд 12 мянга гаруй иргэнийг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн 175 сургуулийн багш, нийгмийн ажилтан, 13-16 насны 1100 гаруй хүүхэдтэй уулзаж ярилцжээ. Мөн "D-Parliament" платформоор дамжуулан сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлж, 2100 орчим хүүхэд, эцэг эхээс санал асуулга авч нэгтгэсэн байна.

Хуулийн төслийг хамтран санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Технологийн компаниуд өмнө нь Монгол Улсад эрх зүйн орчин байхгүй гэх шалтгаанаар хүүхдийн хандалтыг хязгаарлах технологийн шийдлийг нэвтрүүлдэггүй байсан. Хууль хэрэгжих хугацааг 2027 оны есдүгээр сарын 1-нээр тогтоосон нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэн холбооны оператор компаниудад технологийн холболт, шийдлүүдийг хийх хугацаа олгож буй хэрэг юм. Түүнчлэн цар тахлын үеэс фэйсбүүк мессенжерээр хичээлийн даалгавар өгдөг болсон гажуудлыг засаж, хүүхдүүдийг ёс зүйтэй, хүний эрхийн шаардлага хангасан тусгай платформууд руу шилжүүлэх шаардлагатай. 

Энэхүү хууль нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд огт халдахгүй бөгөөд зөвхөн хүүхэд хамгаалахад чиглэсэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.