Уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25, 26-нд болно
Нийслэлийн Засаг даргын ивээл дор уулын дугуйн 2026 оны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус тэмцээн нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортын бодлогыг хэрэгжүүлэх, залуучуудын дугуйн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, шинэ үеийн тамирчдыг бэлтгэн хөгжүүлэх зорилготой.
Тэмцээн долоодугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд Зүүн салааны зуслангийн замд уулын дугуйн XCO (Cross-country Olympic) болон DHI (Downhill Individual) төрлөөр явагдана.
Тэмцээнд оролцогчид хамгаалалтын хэрэгслийг бүрэн хэрэглэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан унадаг дугуйтай байх бөгөөд тэмцээний дүрэм, шүүгч, зохион байгуулагчийн заавар, шаардлагыг мөрдөн оролцоно.
Мөн техникийн үзлэгт унадаг дугуй, хамгаалалтын хэрэгслийн хамт орж, гарааны дугаар, чипийг зөв байршуулсан байх шаардлагатай. 18 нас хүрээгүй оролцогчид эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байна.
Харин DHI төрөлд урд амортизаторын явалт 150 мм-ээс, арын амортизаторын явалт 100 мм-ээс дээш байх, урд болон хойд тоормос бүрэн ажиллагаатай, дугуйн бүх эд анги техникийн гэмтэлгүй байх зэрэг тусгай шаардлагыг мөрдөнө. Хагарсан, цуурсан рам болон эвдрэлтэй эд ангитай дугуйг гараанд гаргахгүй.
Тэмцээний бүртгэл 2026 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд баг, тамирчид удирдамжтай сайтар танилцаж, тогтоосон хугацаанд бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид анхаарууллаа.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/MYh1Ske5im9r8wMa7
Гараа, барианы байршил: https://maps.app.goo.gl/LkPvh4QM4xBDrYzb7
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.