Замын засвар, арчлалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор зам ашигласны төлбөрийг өсгөв
Ирэх сарын 1-нээс эхлэн улсын чанартай авто замын төлбөр авах цэгээр нэвтрэх бүрт суудлын автомашин 5000 төгрөг, хүнд даацын автомашин 20 мянган төгрөгийн төлбөр төлөхөөр болсныг Зам, тээврийн яам болон холбогдох байгууллагууд мэдээллээ.
Засгийн газрын 273 дугаар тогтоолын дагуу улсын болон олон улсын чиглэлийн авто замын ашигласны төлбөр шинэчлэгдэж байгаа бөгөөд суудлын автомашины төлбөр 1000 төгрөгөөс 5000, ачааны автомашины төлбөр 10 мянгаас 20 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 33 төлбөр авах цэгээр дамжуулан уг төлбөрийг төвлөрүүлж, замын урсгал засвар, арчлал, нүхэн эвдрэл нөхөх, хөвөө болон гагнаас засах зэрэг ажилд зарцуулах юм.
Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболдын мэдээлснээр, улсын хэмжээнд 8000 км хатуу хучилттай авто замд байрлах 33 төлбөр авах цэг энэ оны зургаадугаар сарын 1-нээс бүрэн цахим системд шилжжээ. Мөн төлбөрийн орлого, зарцуулалтын мэдээллийг олон нийтэд ил тод байлгах зорилгоор цахим хуудсаар тогтмол мэдээлдэг болох аж.
Түүнчлэн улсын чиглэлийн авто замыг тогтмол ашигладаг иргэн, аж ахуйн нэгж урьдчилан төлбөрөө төлснөөр 30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Системд 20 хүртэл удаагийн нэвтрэлтийн төлбөрийг урьдчилан үүсгэж, саадгүй зорчих бөгөөд 21 дэх нэвтрэлтээс төлбөрөө нөхөн төлөх шаардлагатай болно.
Харин төлбөр авах цэгийн гадна байнга оршин суудаг иргэд хүсэлтээ E-Mongolia болон Зам, тээврийн хөгжлийн төвөөр дамжуулан гаргаж, төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Авто зам засвар, арчлалтын өнөөгийн өртөг эрс өссөнтэй холбоотойгоор төлбөрийг шинэчлэх шаардлага үүссэнийг албаныхан онцоллоо.
Одоогоор нэг ам метр авто замыг засварлах өртөг 115 мянган төгрөгт хүрсэн бөгөөд улсын төсвөөр нийт авто замын ердөө 10-12 хувийн засвар, арчлалын зардлыг л санхүүжүүлж байгаа аж. Иймээс замын засвар, арчлалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор төлбөрийг өсгөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.