Өмнөд Солонгосын "Coupang" компанийн агуулахад гарсан галыг 61 цагийн дараа хяналтдаа авлаа
Өмнөд Солонгосын Инчон хотын баруун дүүрэгт байрлах цахим худалдааны "Coupang" компанийн ложистикийн төвд гарсан томоохон хэмжээний гал түймрийг гал сөнөөгчид 61 цагийн турш ажилласны эцэст хяналтдаа авчээ.
Гал 2026 оны долоодугаар сарын 18-ны өглөөний 06:54 цагийн орчимд Сокнам-дун дахь найман давхар агуулахын зургаадугаар давхарт гарч, удалгүй долоодугаар давхар руу тархсан байна.
Хөлбөмбөгийн 42 талбайтай тэнцэх хэмжээний агуулахыг хамарсан уг түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч ойр орчмын 200 гаруй оршин суугчийг түр нүүлгэн шилжүүлжээ. Галыг унтраах ажиллагаанд найман хот, мужийн 812 гал сөнөөгч ажиллаж байна.
Гал гарах үед агуулахад байсан 121 ажилтан аюулгүй гарсан бол унтраах ажиллагааны үеэр хоёр гал сөнөөгч утаанд хордож эмнэлэгт хүргэгджээ. Тус ложистикийн төв нь Сөүл хотын баруун хэсэг, Инчон болон Кёнги мужийн баруун хойд бүсийн хүргэлтийг хариуцдаг гол бааз тул хүргэлтийн үйлчилгээ түр саатаж, захиалгууд цуцлагдсан байна.
"Coupang" компани ачааллаа бусад агуулах руу шилжүүлэн зохицуулж байгаа бөгөөд галын улмаас компанид болон хамтран ажилладаг худалдаа эрхлэгчдэд их хэмжээний хохирол учирсан гэж үзэж байна. Одоогоор үлдэгдэл цог, нурамтай хэсгийг бүрэн унтраах ажил үргэлжилж байгаа бөгөөд гал бүрэн унтарсны дараа галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоох албан ёсны мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр болжээ.
Эх сурвалж:
• ctif.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.