Аймаг, дүүргийн баяр наадмаар барилдсан зургаан бөхийн сорьцоос хориотой бодис илэрчээ

Аймаг, дүүргийн баяр наадмаар барилдсан зургаан бөхийн сорьцоос хориотой бодис илэрчээ
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага болон Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS)-ээс 2026 оны аймаг, дүүргийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний лабораторийн хариуг ирүүлсэн байна. 
 
Лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:
 
1. Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам);
2. Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам);
3. Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадамд);
4. Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам);
5. Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам);
6. Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)
 
Дээрх тохиолдлуудад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм, Дэлхийн допингийн эсрэг код болон холбогдох олон улсын стандартын дагуу үр дүнгийн удирдлагын ажиллагааг эхлүүлсэн байна. 
 
Мөн Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.8-д заасны дагуу дээрх тамирчдад лабораторийн сөрөг аналитик илэрцийн талаар албан ёсоор мэдэгдэж, албан журмын түр түдгэлзүүлэлт ногдуулсан болно.
 
Тамирчдад лабораторийн шинжилгээний дүнгийн талаар албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй. Хэрэв В сорьцын шинжилгээ А сорьцын шинжилгээний үр дүнг баталгаажуулсан, эсхүл В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тохиолдолд үр дүнгийн удирдлагын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Мөн тухайн тамирчин шинжилгээ хийлгэхтэй холбоотой бүх зардлыг өөрөө хариуцан, сорьцод ДНХ-ийн шинжилгээ хийлгүүлж, уг сорьц нь өөрөөс нь авсан биологийн дээж мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргах боломжтой. Үр дүнгийн удирдлагын ажиллагааны явцад тухайн тамирчны гаргасан тайлбар, эмчилгээний зориулалтаар хэрэглэсэнтэй холбоотой эмнэлгийн бичиг баримт, эмчийн жор, Эмчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл (TUE)-тэй холбоотой баримт болон бусад нотлох баримтыг Допингийн эсрэг үндэсний дүрэм, Дэлхийн Допингийн эсрэг код болон холбогдох олон улсын стандартын дагуу үнэлж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.