🔴Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд импортын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлнэ

AI хөрвүүлсэн
🔴Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд импортын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлнэ

Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо (ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр энэ сарын 22-ноос эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Өнөөдөр Гаалийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. 

Гаалийн ерөнхий газрын татварын газрын дарга н.Цолмон:

-Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз улсуудын хооронд байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд, импортын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд (222 аж үйлдвэрийн, 94 хүнсний, 51 эрдэс бүтээгдэхүүн) гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ.

Тарифыг шууд тэглэх, 25-50 хувиар бууруулах болон квот тогтоох замаар зохицуулах бөгөөд хөнгөлөлтөд хамрагдахын тулд тухайн бараа нь гарал үүслийн бичигтэй, гишүүн орноос шууд ачигдсан байх шаардлагатай. Мөн Монгол Улсаас экспортлох гарал үүсэлтэй бараа тус холбооны гишүүн орнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдэж байгаа гэв. 

 

Мөн гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгох, үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлтийн бодлого, үр дүнгийн талаар мэдээллээ. Тус газрын удирдлагуудын зүгээс гаалийн байгууллага бүрэн цахимжиж, авлига, хүнд сурталгүй, ил тод ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байгааг онцлов.

Өнөөдрийн байдлаар гаалийн бүрдүүлэлт, хяналтын үйл ажиллагааг шат дараатайгаар цахимжуулж байгаа бөгөөд "Нэг цонхны үйлчилгээ"-г нэвтрүүлснээр аж ахуйн нэгжүүдийн цаг хугацаа, зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэх боломж бүрджээ. Цаашид гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтын тоог цөөлж, хиймэл оюун ухаанд суурилсан эрсдэлийн удирдлагын системийг нэвтрүүлснээр биет шалгалтын хувийг бууруулж, ногоон сувгаар нэвтрэх бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Хөрш орнуудын гаалийн байгууллагуудтай мэдээлэл харилцан солилцох ажлыг эрчимжүүлснээр хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн бөөгнөрлийг бууруулж, гадаад худалдааны эргэлтийг хурдасгахад бодит ахиц гарч байгааг ГЕГ-аас тэмдэглэлээ.

Гаалийн ерөнхий газар нь хууль бус худалдаа, хууль бус хил нэвтрүүлэх оролдлоготой тууштай тэмцэхийн зэрэгцээ хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Шинэчлэлийн үр дүнд Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын төгсгөлд онцолсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.