Монгол, Тажикистан харилцаагаа шинэ шатанд гаргах хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Хэлэлцээний үеэр төрийн тэргүүнүүд өнгөрсөн 30 гаруй жилийн хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, логистик, байгаль орчин, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүллээ. Талууд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа усны эрчим хүчний чиглэлээр туршлага солилцох, ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв.

Мөн тээвэр, логистикийн шинэ гарц бүрдүүлэх, далайд гарцгүй орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаар болов. Хөдөө аж ахуйн салбарт Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монголын мах, арьс ширийг Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлтэй харилцан зах зээлд нийлүүлэхээр тохиролцож, Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.
Боловсрол, залуучуудын солилцоог өргөжүүлж, мал аж ахуй, усны эрчим хүч, усжуулалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаар болов. Аялал жуулчлалын салбарт Тажикистаны "Feel the Friendship" болон Монголын "Go Mongolia" брэндүүдийг уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Хэлэлцээний төгсгөлд талууд НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.