Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

266496af7b0a4cc3a892d6b2b1051860

Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

0b8e3b23f8254c36bd2fc9e722b8ab3e

Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Чингис хаан” үндэсний музейд зочилж, Монголын түүх, соёл, зан заншилтай танилцахаар төлөвлөж байна. Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр, төрийн институц, эдийн засаг, Үндсэн хууль, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэгт үе шаттай шинэчлэл хийж, 2020 оноос дижитал шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого явуулж байгаа юм.

Тажикистан нь 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Эдийн засагт нь өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр  голлох үүрэгтэй. Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг.

628c5e8e5f2542b88cb4a334d33ba00c

Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ноогддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаарт ордог юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.