Үерийн эрсдэл нэмэгдэж, аврагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

AI хөрвүүлсэн
Үерийн эрсдэл нэмэгдэж, аврагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гамшиг, ослын 24, Богд уулын орчимд гарсан ой, хээрийн түймрийн 26 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан унтраасан байна.

Сүүлийн өдрүүдэд голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор дуудлагын тоо 10 гаруй хувиар өсөж, ихэвчлэн голын усанд машинтайгаа суух, урсгалд боогдох зэрэг тохиолдол давамгайлжээ. Нийслэлийн Онцгой комисс долоодугаар сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа бөгөөд одоогоор 177 албан хаагч, 47 автомашин, 40 орчим техник хэрэгслээр өдөр тутмын үүрэг гүйцэтгэж байна.

Наадмын өдрүүдэд аврагчид голын дунд майхантайгаа усанд боогдсон, автомашин дээр гарсан байсан нийт 52 иргэнийг, үүнээс 13 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ. Мөн Сэлэнгэ аймгийн 50 гаруй иргэнийг үерийн аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.

Туул гол дагуу нийслэлийн Аврах анги, Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагуудтай хамтран завьт, хөдөлгөөнт, морьт, мотоциклтой эргүүлүүд ажиллаж, дроноор иргэдийн бөөгнөрөл ихтэй цэгүүдэд хяналт тавьж байна.

Цаг уурын байгууллагын мэдээллээр долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн эрсдэл нэмэгдэхийг анхааруулж, иргэдийг гол, мөрөн орчимд амарч, хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг албаныхан онцоллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.