Гуравдагч орнуудаас шатахуун импортлоно

AI хөрвүүлсэн
Гуравдагч орнуудаас шатахуун импортлоно

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний 25 хоногийн, дизель түлшний 26 хоногийн нөөцтэй байна. ОХУ-аас импортлох шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбогдуулан манай улс БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг гуравдагч орнуудаас шатахуун импортлох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Зуны амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор орон нутагт шатахууны ачаалал ердийн үеийнхээс 4-5 дахин, улсын хэмжээнд 2-3 дахин нэмэгдсэн талаар аж ахуйн нэгжүүд мэдээлжээ.

Сумын төвүүдэд 1-3, аймгийн төвүүдэд 10 гаруй ШТС ажилладаг бөгөөд нэг ШТС-д хүргэгддэг 30 мянган литр шатахуун нь ердийн үед 1-2 сарын хэрэглээг хангадаг байсан бол одоо ачаалал нэмэгдсэнээр ганцхан өдрийн дотор дуусаж байна. 30 мянган литр шатахуун нь 100 литрийн багтаамжтай ердөө 300 автомашиныг л цэнэглэх боломжтой тул орон нутгийг зорьсон олон мянган автомашиныг техникийн хүчин чадлын хувьд нэг дор цэнэглэх боломжгүй, дараалал үүсэх зайлшгүй нөхцөл байдал үүсэж байгааг албаныхан тайлбарлалаа.

Шатахууны үнийн хувьд, Монгол Улс 2022 оноос хойш ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу АИ-92 автобензинийг тогтвортой үнээр худалдан авч ирсэн. Тус хэлэлцээрт дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ 30-аас дээш хувиар өссөн тохиолдолд үнийн асуудлыг эргэж харахаар тусгасан байдаг. Энэ оны 3-7 дугаар саруудад үнэ 30 гаруй хувиар өссөн тул нийлүүлэгч тал хэлэлцээрийн дагуу үнээ эргэж харах шаардлага тавьжээ.

ОХУ-ын зүгээс Монголд нийлүүлж буй шатахууны үнэ тус улсын дотоодын зах зээлийн үнээс 10 орчим рублиэр хямд байгаа нь хүндрэл учруулж байгаа тул зах зээлийн зарчмаар үнийг өөрчлөх саналыг ирүүлсэн байна.

Үүний дагуу өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс АИ-92 автобензиний импортын үнэ тонн тутамдаа 800 ам.доллар болж нэмэгдсэн. Төр, хувийн хэвшлийн хамтарсан Шатахууны үнийн зөвлөлөөс баяр наадмын дараа үнийн зохицуулалт хийхээр шийдвэрлэсний дагуу аж ахуйн нэгжүүд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг литр тутамд дунджаар 250 төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Харин дизель түлшний импортын үнэ тодорхой хэмжээгээр буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100-150 төгрөгөөр хямдарчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.