Өмнөд Солонгос улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
Өмнөд Солонгос улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний комисс Сэжун хотын Засгийн газрын цогцолборт хуралдаж, 2027 онд мөрдөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10,700 вон буюу ойролцоогоор 7.20 ам.доллар болгон шинэчлэн тогтоолоо.
Шинээр баталсан энэ хэмжээ нь 2026 оныхоос 380 воноор буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.
Шинээр тогтоосон цалингийн хэмжээг сарын дундаж ажлын цагаар тооцвол ажилчдын гар дээр очих бодит орлого мэдэгдэхүйц нэмэгдэх юм. Долоо хоногийн 40 цагийн үндсэн ажил болон амралтын өдрийн нөхөн олговрыг оролцуулан сард 209 цаг ажилладаг гэж үзвэл сарын доод цалин 2,236,300 вон болж байна.
Энэ нь өмнөх оны сарын доод цалинтай харьцуулахад 79,420 воноор нэмэгдсэн дүн бөгөөд хэрэглээний үнийн өсөлт буюу инфляцийн дарамт, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан зохицуулалт ажээ.
Хэлэлцүүлгийн явцад жижиг дунд бизнес эрхлэгчид болон хоолны газрын салбарын төлөөллөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар бүрээр ялгавартай тогтоох санал гаргасан боловч Комисс уг саналыг хүлээж авахаас татгалзжээ.
Ингэснээр Өмнөд Солонгосын бүх салбарт ямар нэгэн ялгаваргүйгээр нэг ижил доод хэмжээг мөрдөх зарчим хэвээр хадгалагдахаар болов. Тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 онд 10,030 вон байсан бол 2026 онд 10,320 вон болж өссөн бөгөөд ийнхүү дараалсан өсөлтүүд нь хөдөлмөрийн зах зээл дэх тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.