Наадмын нээлтийн ерөнхий найруулагчийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулжээ
Үндэсний их баяр наадмын 2026 оны нээлтийн ерөнхий найруулагчийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулжээ.
Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сард зарласан сонгон шалгаруулалтад арав гаруй уран бүтээлийн баг бүртгүүлж, хоёр үе шаттай үнэлгээнд оролцжээ. Шалгаруулалтад оролцсон багууд Үндэсний их баяр наадмын нээлтийг найруулах үзэл баримтлал, тайзны зохион байгуулалт, макет болон төслөө танилцуулж, мэргэжлийн комиссын өмнө илтгэлээ хамгаалсан байна.
Комиссын үнэлгээгээр Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Д.Баярбаатар шалгарч, 2026 оны хоёрдугаар сард Үндэсний их баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар эцэслэн томилогджээ.
Түүний дэвшүүлсэн үзэл баримтлал нь Монголын төрт ёсны түүх, угсаатны өв соёл, үндэсний уламжлалыг орчин үеийн уран сайхны шийдэлтэй хослуулж, эв нэгдэл, хөгжил дэвшил, мандан бадрахын бэлгэдлийг илэрхийлсэн агуулгатай байв. Үүний дараа Үндэсний их баяр наадмын комисс түүх, антропологи, соёл судлал, урлагийн салбарын эрдэмтэн, доктор, мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх комиссыг байгуулан, наадмын нээлтийн бэлтгэл ажлыг хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.