Харцага цолны болзол хангасан Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хоёр өрөө байраар урамшуулна

Харцага цолны болзол хангасан Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хоёр өрөө байраар урамшуулна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь Цэргийн заан Б.Гончигсүрэнгээр зургаа давж, харцага цолны болзол хангасан.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түүнд хувиасаа хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цахим хуудастаа:

"Нэг зууны өмнө эхэлсэн бахархал үргэлжилсээр.. Монгол үндэсний бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүчит бөхчүүдийн нэг бол Архангай аймгийн Тариат сумаас төрсөн Улсын арслан Шагжийн Төмөрбаатар билээ. Тэрээр 1926 оны Улсын их баяр наадамд ес даван үзүүрлэж, тухайн үеийн домогт хүчтэн Буур Нацагийн Жамъян аваргатай хүч үзэн Улсын арслан цол хүртсэн нь Монголын үндэсний бөхийн түүхэнд мөнхөд тэмдэглэгдэх бахархалт үйл явдал болсон юм.
 
Ардын хувьсгалын дараах шинэ цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, Архангай нутгаас төрсөн олон арслан, аваргын бахархалт түүхийн эхэнд Шагжийн Төмөрбаатар арслангийн нэр алтан үсгээр бичигдэн үлдсэн. Миний хувьд түүхэн алдарт бөхөөс гадна миний элэнц өвөө юм. Элэнц өвөөгийнхөө хүч чадал, шударга ёс, эх оронч үзлийг бахархан дурсаж, үндэсний бөхийн өв соёлоо хүндэтгэн дээдэлж ирсэн.
 
Түүхийн гайхамшигт давхцал гэмээр 100 жилийн дараах Улсын баяр наадмаар Архангай аймгийн Тариат сумаас төрсөн, миний үүсгэн байгуулсан Hera Holding группийн бөх Ө.Батсуурь улсын наадамд амжилттай барилдан Харцага цолны болзол хангаж нутгийнхаа нэрийг дахин дурсгалаа. Нутгийн дүүгийнхээ хөдөлмөр, хичээл зүтгэл, гаргасан амжилтыг үнэлж, өөрийн зүгээс хоёр өрөө орон сууцаар урамшуулж байгаадаа баяртай байна.
c4d936fec111457b850b87f1d145c1f3
Өвгөдийн сүр хүч, ёс жудаг, хийморь золбоо үеэс үед өвлөгдөн, шинэ үеийн бөхчүүдээр улам бүр өнгөлөгдөн үргэлжилж байх болтугай. Монгол бөхийн сүр хүч мөнхөд бадарч, Монгол хүний хийморь үеийн үед өөдөө байг" гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.