Иран Ормузын хоолойг дахин бүрэн хаалаа
Иран улс стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг иргэний болон цэргийн бүх хөлөг онгоцны хөдөлгөөнд тодорхойгүй хугацаагаар бүрэн хааснаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.
Тегераны энэхүү шийдвэр нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэн даруй ахиулж, АНУ-ын зүгээс Ираны цэргийн объектуудад хариу агаарын цохилт өгөхөд хүргэв.
Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (ИХХГК)-ын Тэнгисийн цэргийн хүчин бүс нутаг дахь Америкийн оролцоо зогсох хүртэл тус хоолойгоор ямар ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй гэдгийг анхааруулсан байна. Тэдний мэдээлж буйгаар, зөвшөөрөлгүй чиглэлээр явж байсан бөгөөд навигацийн системээ унтраасан нэгэн хөлөг онгоц руу анхааруулах гал нээж, саатуулжээ. АНУ-ын Төв командлал (CENTCOM)-ын мэдээлснээр, халдлагад Киприйн далбаан дор зорчиж байсан "M/V GFS Galaxy" чингэлэг тээвэрлэгч хөлөг өртөж, хөдөлгүүрийн хэсэг нь ноцтой гэмтэн гал гарсан бөгөөд багийн нэг гишүүн сураггүй алга болсон байна.
Уг хэрэг явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цэргийн объектуудад агаараас цохилт өгөх тушаал гаргажээ. Энэ нь сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд АНУ-аас Иранд өгч буй гурав дахь удаагийн агаарын цохилтын давлагаа болж байна. АНУ-ын Төв командлалын зүгээс энэхүү ажиллагааны гол зорилго нь Ормузын хоолойгоор чөлөөтэй зорчиж буй иргэний арилжааны хөлөг онгоцууд болон далайчдад халддаг Ираны цэргийн чадавхийг сулруулан устгахад чиглэсэн гэж мэдэгдэв.
Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус АНУ болон түүний холбоотнуудад хандан хатуу анхааруулга гаргаад байна.
Хэрэв АНУ-ын зүгээс ямар нэгэн цэргийн хариу арга хэмжээ авах, эсвэл үүнийг далимдуулан шинэ түрэмгийлэл үйлдвэл Персийн булан дахь Америкийн цэргийн баазууд болон тэднийг нутаг дэвсгэртээ байрлуулсан орнуудын объектуудад "хүнд цохилт" өгөх болно гэж заналхийлжээ. Энэхүү мөргөлдөөн нь Катар, Саудын Арабын гурван арилжааны газрын тос тээвэрлэх танкер халдлагад өртсөний дараа нөхцөл байдал эрс муудсан үед тохиож байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 10-ны баасан гарагт Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр дахин үйлчлэхгүй болсныг зарласан юм.
Үүний зэрэгцээ Оманы зуучлалаар Маскат хотод Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи, Оманы Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусаиди нар уулзаж, хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах техникийн механизмыг хэлэлцэж байсан ч "M/V GFS Galaxy" хөлөг рүү хийсэн халдлага хэлэлцээрийг бүрэн тасалдуулжээ. Вашингтоны зүгээс Тегераныг иргэний флотод халдахгүй байх баталгаа гаргаж, Ормузын хоолойгоор чөлөөтэй, үнэ төлбөргүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байна.
Ормузын хоолой нь дэлхийн далайн тээврээр тээвэрлэгддэг нийт газрын тосны 25 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн (ШБХ) 20 хувийг дамжуулдаг стратегийн хамгийн чухал суваг юм. 2026 оны хоёрдугаар сарын сүүлээс эхэлсэн энэхүү хямрал ийнхүү даамжирч, хоолойг бүрэн хаасан нь дэлхийн хэмжээнд түлшний хомстол үүсгэж, инфляцыг хөөрөгдөх ноцтой эрсдэлийг дагуулж байна.
Цаашид бүс нутгийн аюулгүй байдал болон олон улсын эрчим хүчний зах зээлд үзүүлэх сөрөг нөлөө улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж:
• rbc.ua
• zn.ua
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.