Шумуул яагаад зарим хүнийг илүүтэй хаздаг вэ?
Судлаачид шумуул яагаад зарим хүнийг бусдаас илүүтэй хаздаг болохыг хими, биологи болон харааны хүчин зүйлс дээр үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэн тайлбарлажээ.
Францын Хөгжлийн судалгааны хүрээлэнгийн (IRD) Фредерик Симар болон Шведийн эрдэмтэн Рикард Игнелл нарын судалгаагаар хүмүүсийн арьсан дээрх бичил биетийн ялгаруулах өвөрмөц үнэр шумуулыг хамгийн ихээр татдаг болохыг тогтоожээ.
Шумуул нь өөрийн байг гурван үе шаттайгаар илрүүлдэг байна.
Эхний ээлжинд хэдэн арван метрийн цаанаас хүний амьсгалаар гарч буй нүүрстөрөгчийн хийг (CO₂) мэдэрч, ойртдог аж. Үүний дараа 10 метрийн зайд ирэхдээ биеийн үнэрийг мэдэрч эхэлдэг бол хамгийн ойр зайд ирмэгцээ биеийн дулаан, чийглэг байдлыг нь чиглүүлэгч болгон ашиглаж, хаана буухаа шийддэг байна.
Шведийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний арьсан дээр амьдардаг бактерийн нэгдэл буюу микробиом нь хүн бүрт дахин давтагдашгүй химийн хурууны хээг үүсгэдэг бөгөөд үүнээс ялгарах хорь гаруй төрлийн бодисын холимог нь шумуулыг соронзон мэт татах, эсвэл үргээх үндсэн шалтгаан болдог байна.
Жоржиа технологийн институт болон Массачусетсийн технологийн институтийн (MIT) эрдэмтэд шумуулын нислэгийн траекторийг гурван хэмжээстээр дүрслэн шинэ нээлт хийжээ.
Профессор Дэвид Хугаар удирдуулсан баг "Aedes aegypti" төрлийн эмэгчин шумуулын нислэгийг ажиглаж, 20 гаруй сая өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаагаар шумуулнууд бие биенээ дагаж сүрэглэдэггүй, харин тус бүрдээ бие даан шийдвэр гаргаж байдгийг тогтоожээ. Түүнчлэн амьсгалын хий болон бараан өнгийн хувцас зэрэг харааны бай хамтдаа хослох үед шумуул тухайн бай руу хамгийн хүчтэй тэмүүлдэг болохыг баталсан байна.
Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн биеийн дулаан харьцангуй өндөр байдаг бөгөөд амьсгалахдаа нүүрстөрөгчийн хийг илүү ихээр ялгаруулдаг тул шумуулд алсын зайнаас амархан олзлогддог байна. Мөн ихэр хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар шумуулд хазуулах магадлалын тодорхой хувь нь генетикийн буюу удмын хүчин зүйлээс шууд хамаардаг болохыг тогтоожээ. Энэ нь зарим хүмүүс шумуул татах төрөлхийн өгөгдөлтэй төрдөг гэсэн үг юм.
Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтууд урьд өмнө тархсан хэд хэдэн ташаа ойлголтыг няцааж байна.
Тухайлбал, шумуул нэгдүгээр бүлгийн цустай хүнд илүү дуртай гэх онолыг Фредерик Симар болон Найджел Бийби зэрэг энтомологичид үгүйсгэж, үүнийг батлах хангалттай судалгааны суурь байхгүйг мэдэгдлээ. Мөн саримс идэх, В витамин хэрэглэх, эсвэл гадил жимснээс татгалзах зэрэг хоолны дэглэмийн өөрчлөлт нь бодит амьдрал дээр шумуулаас хамгаалах ямар ч үр дүнгүй болохыг эрдэмтэд туршилтаар баталжээ.
Эх сурвалж:
• economictimes.indiatimes.com
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.