"Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

"Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын “Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд тэмдэглэхээр баталсан нь Монголын морин соёл, нүүдэлчдийн өвийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болохыг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачлан хэрэгжүүлэх “Үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг олон нийтэд танилцууллаа.

Уг цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ.

Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шадар сайд Н.Номтойбаяр төгсгөлд нь Үндэсний их баяр наадмын сүр жавхлан, Монголын төрт ёс, өв соёлыг мөнхөд өвлүүлэн хөгжүүлэх үйлс бүхэн нь өөдөө дэлгэрч, бүтээл бүхэн нь биелэлээ олж байхыг ерөөлөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.