Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Шадар сайд Гү Юүн Чолтой уулзжээ

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Шадар сайд Гү Юүн Чолтой уулзжээ

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

1 enkhbayar%20said

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсыг гуравдагч хөршийн бодлогын чухал түнш, хөгжлийн үнэт хамтрагч хэмээн үнэлж, ардчилал, хууль дээдлэх ёс, нээлттэй эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээ, технологийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг тэмдэглэв. Түүнчлэн дижитал шилжилт, сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаан, өндөр технологи, батарей, хагас дамжуулагч, газрын ховор элемент зэрэг стратегийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит төсөл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хоёр улсын стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг баяжуулах чухал боломж болохыг хэллээ. 
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чол дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүч болон стратегийн ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.

Gu%20Yun%20Chol

Тухайлбал, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөд тулгуурлан салхин болон нарны цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуур (Battery Energy Storage System), дата төвийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх боломжтойг дурдав.

Үүний зэрэгцээ БНСУ-ын дэвшилтэт технологи, инновац, үйлдвэрлэлийн туршлагыг Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, дижитал дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт, технологи дамжуулалт, хоёр улсын стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг шинэ шатанд гаргах боломжтойг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.