Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.
С.Батболд 2009-2012 онд Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлтөд хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Энэ хугацаанд ам.долларын ханш тогтворжиж, нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин өсөн 4700 ам.доллар давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр хоёр дахин нэмэгджээ.
Мөн зургаан хувийн ипотекийн зээл, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн суурийг тавьсан байна. Түүнчлэн Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч, 2011 онд Эрдэнэс Тавантолгойг байгуулан Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг хэрэгжүүлжээ. Энэхүү бодлогын үр дүнд иргэд өнөөдөр ч ногдол ашиг хүртсээр байна.
Оюу толгойн төслийн санхүүжилтийн нөхцөлийг сайжруулах, Монголд ногдох эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, эдийн засгийн үр ашгийг өсгөх эхлэлийг тавьсан юм. Тэрээр Ерөнхий сайдын хувиар Монголын эдийн засгийн форумыг санаачилж, хөрөнгийн биржийн шинэчлэл, Европын Холбооны стандарт, Кембрижийн боловсролын хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл зэрэг олон улсын жишигт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн.
Мөн МАН-ын даргаар ажиллаж байхдаа намын түүхэн нэрийг сэргээх шинэчлэлийг санаачилж, намын үзэл баримтлалыг зүүн төвийн социал демократ чиглэлд шинэчлэн баталгаажуулжээ. Хувийн хэвшлийн салбарт тэрээр Алтай Холдингийг байгуулж, үндэсний томоохон бизнесүүдийг хөгжүүлэн, мянга мянган ажлын байр бий болгоход хувь нэмэр оруулсан байна.
2004 оноос хойш таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа Гадаад хэргийн дэд сайд, Үйлдвэр худалдааны сайд, Гадаад харилцааны сайдын албыг хашиж, АНУ-тай 10 жилийн олон удаагийн визийн хэлэлцээр, Европын Холбооны GSP+ хөтөлбөр, Японтой чөлөөт худалдааны хэлэлцээрийн бэлтгэл зэрэг томоохон ажлуудыг эхлүүлжээ.
Тэрээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, Их Британид бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн чөлөөт бөхийн холбоог удирдаж, спортын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.