Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Долоодугаар сарын 7-8-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх зарим хэсэгт явган хүний зам эвдэрч гэмтсэн.

НХОГ-ын Барилга, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэн “АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган замын доогуур Геодези, усны барилга байгууламжийн газар 6.1 км борооны ус зайлуулах шугам угсарч байгаа. Явган замын уулзвар хоорондын борооны ус зайлуулах шугамын холбоос, сэтэлгээний ажлыг наадмын өдрүүдээр хийх байсан. Гэвч борооны улмаас шугам сүлжээ усаар дүүрч, ус хөрсөнд нэвчин явган замын зарим хэсэгт суулт үүссэн” гэдгийг тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ганц шөнийн бороонд явган хүний зам эвдэрч, хавтангууд хөдөлгөөнд орсон байна. Дахиад дөрвөн хоногийн бороо орно. Захиалагчийн хяналт хийж байгаа Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч компанийг дуудаж авчраад өөрсдийнх нь хөрөнгөөр наадмын өмнө энэ замаа аюулгүй болго. Иргэд олноор зорчдог замыг яаравчлан хэвийн байдалд оруул. Нэг талд явган хүний зам, нөгөө талд авто зам, дулаан, ус зайлуулах шугамаа уялдаагүй хийгээд байж болохгүй. Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллая. Өнөөдөр үерийн эрсдэлтэй бүсүүдээр явж байхад ус зайлуулах хоолой болон хамгаалалтын далантай хэсэгт газар олгосон нь асуудал үүсгэж байна. Нийт ус тогтсон байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг наадмаас өмнө хийж дуусга. Цаашид дахин дахин зам эвдэхгүй байхад анхаарцгаая” гэв.

6a4e27bd0e1ea02d0ac510da

6a4e279f0e1ea02d0ac510d6

6a4e27a20e1ea02d0ac510d7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.