🔴Аялал, зугаалгын үеэр хүүхдээ гол усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Баярын өдрүүдэд онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.
Он гарсаар улсын хэмжээнд 2929 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 168 хүн амиа алдан, 56.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Мөн 11 удаагийн томоохон үер болж, Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон нийслэлд айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалалтын арга хэмжээ авч ажилласан байна.
Сүүлийн таван жилд усны ослоор 464 хүн, үүнээс 105 хүүхэд амь насаа алдсан бол энэ онд 54 удаагийн усны ослоор 30 хүн амиа алджээ. Иймд аялал, зугаалгын үеэр хүүхдийг гол усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБЕГ анхаарууллаа.
Мөн он гарсаар 2400 орчим объектын гал түймэр бүртгэгдсэн бөгөөд гал түймрийн талаас илүү хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байна. Иймээс шатахууныг зориулалтын саванд тээвэрлэх, ахуйн хийн баллоныг зөв ашиглах, гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслээ бүрэн салгахыг зөвлөж байна.
Цаг уурын байгууллагын мэдээллээр баярын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа тул үерийн эрсдэлтэй бүсэд майхан барихгүй, баталгаагүй гарц, гармаар гол гатлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.