Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа эхэллээ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа өнөөдөр эхэллээ.
Энэ жилийн үндэсний сурын харваанд нийт 850 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд шилдэг харваачид энэ сарын 12-нд тодрох юм. Өнөөдөр хана сурын харвааны эхэн өргийн эхэн, дунд болон дунд өргийн эхэн харваа хуваарийн дагуу үргэлжилж байна.
Олон харваач бүртгүүлсэнтэй холбоотойгоор Монголын үндэсний харваачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын олонхын шийдвэрээр энэ жилийн наадамд түр журам мөрдүүлж эхэлжээ. Үүний дагуу хана сурын харваанд 12 болон түүнээс доош оноо авсан харваачид хасаа сурын харваанд үргэлжлүүлэн оролцохгүй. Мөн бүртгүүлсэн хэрнээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохион байгуулалтад хүндрэл учруулсан, аюулгүй ажиллагааны заавар болон харвааны дүрэм зөрчсөн тохиолдолд ёс зүйн хариуцлага тооцохоор болсон байна.
Монголын төрт ёс, өв соёл, эрийн гурван наадмын салшгүй нэг хэсэг болсон үндэсний сурын харвааны талбарт энэ өдөр өсвөрийн харваачдын уухай цуурайтаж, цэц мэргэн сумны исгэрээ наадмын баярын уур амьсгалыг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.