Хаврын чуулганы онцлох эмэгтэй парламентчид

Хаврын чуулганы онцлох эмэгтэй парламентчид

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган долоодугаар сарын 3-нд хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы хугацаанд хэд хэдэн эмэгтэй гишүүн нийгэм, эдийн засагт чиглэсэн чухал хуулийн төсөл, тогтоолыг санаачлан батлуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байна.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулийг санаачлан батлуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллажээ.

Харин М.Мандхай Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг амжилттай батлуулснаар 14 жилийн дараа тус хууль шинэчлэгдэв. Энэхүү өөрчлөлт нь хүнсний аюулгүй байдал, хүртээмж, хангамжийг сайжруулж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна.

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт онцгой эрх олгосон хуулийг хүчингүй болгох төслийг санаачлан батлуулжээ. Ингэснээр төрийн өмчит байгууллагад хуулиас гадуур бүрэн эрхт төлөөлөгч томилох боломжийг хязгаарлаж, засаглалын ил тод байдлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

Мөн Б.Пунсалмаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, гацсан төслүүдийг эрэмбэлэн шийдвэрлэхэд чиглэсэн тогтоолын төслийг хамтран санаачилжээ. Түүнчлэн Д.Энхтуяа Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг чуулганы хаалтын өдөр өргөн барьж, 65 гишүүний дэмжлэгтэйгээр анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.

Хууль тогтоох үйл ажиллагааны өмнөх үзүүлэлтүүдийг авч үзвэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хамгийн олон хууль санаачлан батлуулж, "Санаачлагатай төрийн түшээ" шагнал хүртэж байсан бол 2025 онд Х.Тэмүүжин, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан нар хамгийн олон хуулийн төсөл санаачилсан гишүүдээр нэрлэгджээ. Мөн Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар олон хууль санаачлан амжилттай батлуулсан өндөр үзүүлэлтээр парламентын түүхэнд бичигдсэн байна.

2026 оны хаврын чуулганаар эдийн засгийн эрх чөлөө, төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хамгаалал, гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд томоохон эрх зүйн шинэчлэлүүдийг баталсан бөгөөд эдгээр хууль хэрэгжиж эхэлснээр хөрөнгө оруулалтын орчин сайжирч, төрийн үйлчилгээний үр ашиг нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.