“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-д 10 мянган хүүхдийг хамруулна

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-д 10 мянган хүүхдийг хамруулна

 “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. Тухайлбал, нийслэлийн дүүрэг, аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”, алсалсан болон хил орчмын бүсэд “Багийн бага сургууль”-ийг шаардлагатай байршлуудад зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлнэ. “Хотхоны бага сургууль”-д нэг, хоёрдугаар ангийн бүлэг хичээллэхээр зохион байгуулна. 

Урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулж, 10.0 мянган хүүхдийг хамруулна. Цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн сул 376 танхимыг ашиглаж, 11.0 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бүлэг дүүргэлтийн тоог бууруулахаар төлөвлөжээ. 

Хичээлийн байрны барилга байгууламжийн стандарт хүчин чадлаас хэтэрсан ачаалалтай ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, бие даасан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тогтоолоор үүрэг болгосон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.