Францын Элчин сайд “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Францын Элчин сайд “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн ПЭРЕРА ДА СИЛВА болон холбогдох албаныхан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын талбайд зочилж, ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр төслийн инженер, техникийн багийнхан барилга угсралтын ажлын явц, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, дараагийн шатны ажлуудын талаар танилцуулж, төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тодотгосон.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн төрлийг төрөлжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Францын POMA групп ажиллаж байгаа бөгөөд тус компани нь дэлхийн 90 гаруй улсад дүүжин тээврийн систем байгуулсан туршлагатай.

Эхний шугам нь Яармагийн Арцатаас Хархорин худалдааны төв хүртэл нийт 4.2 км урттай байх бөгөөд 98 кабинтай, нэг кабин нь 10 зорчигчийн багтаамжтай. Систем бүрэн ашиглалтад орсноор оргил ачааллын үед нэг чиглэлд цагт 2,300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломжтой.

Төслийн хэрэгжилт нь Монгол, Францын хамтын ажиллагааны томоохон бүтээн байгуулалтын нэг болохыг онцолж, цаашид төслийг төлөвлөсөн хугацаанд чанар, аюулгүй байдлын өндөр стандартыг ханган ашиглалтад оруулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг болон I хороолол чиглэлийн авто замын ачааллыг бууруулж, байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүрт нийтийн тээврийн шинэ төрлийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.