Сэлбэ сэргэлт төслийн газар чөлөөлөлтийг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгов
Нийслэлийн Онцгой байдлын газраас үерийн нөхцөл байдал болон эрсдэлийн менежментийн талаар мэдээлэл хийж, "Сэлбэ сэргэлт" төслийн хүрээнд баригдаж буй үерийн усны хуримтлуулах сангийн барилгын явцыг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус төслийн барилгын талбайд ажиллах үеэрээ газар чөлөөлөлтийн маргааныг нэн даруй шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Уг усан сан ашиглалтад орсноор 2.4 их наяд төгрөгийн үерийн хохирлоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
"Сэлбэ сэргэлт" төслийн хүрээнд таван үе шаттай үерийн усны хуримтлуулах сан барихаар төлөвлөсөн бөгөөд одоогоор шороон далангийн ажил 30 хувь, угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч төслийн талбайд амьдарч буй иргэдийн газар чөлөөлөлтийн маргааны улмаас ажил удааширч байгааг Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан мэдээлэв. Эдгээр өрхүүд нь газар эзэмших албан ёсны гэрчилгээгүй тул хуулийн дагуу нөхөн олговор олгох боломжгүй бөгөөд үүний улмаас нүүхээс татгалзаж, төслийн явцыг гацаагаад байгаа аж.
Хотын Захирагч Б.Пүрэвдагва газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг шаардахдаа цөөн тооны өрхийн асуудлаас болж нийт хотын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болохгүйг анхааруулав. Тэрээр "Арван эсвэл хорин гэр бүлийн асуудлаас болж 10,000 эсвэл 20,000 өрхийг эрсдэлд оруулж, хотын төвийг бүхэлд нь аюулд учруулж болохгүй. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд бүх нөөц бололцоогоо дайчлах ёстой" хэмээн дүүргийн удирдлагуудад хатуу даалгалаа.
Улаанбаатар хотын хэмжээнд дэд бүтцийн ноцтой дутагдал байгаа бөгөөд нийт 1,200 орчим километр хатуу хучилттай замаас ердөө 201 километр нь л борооны ус зайлуулах шугам сүлжээтэй байна. Энэхүү зөрүү нь анх зам барих явцад ус зайлуулах сүлжээг төлөвлөөгүй орхисон түүхэн алдаатай холбоотой аж. Сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хотын зүүн хэсэгт 13 мм, баруун хэсэгт 47 мм тунадас унаж, 38 байршилд ус хуримтлагдан, орон сууцны B1 давхрууд усанд автсан байна.
НОБГ-ын судалгаагаар голын сав газар болон голдирлын дагуу үерийн өндөр эрсдэлтэй бүсэд 1,917 өрх амьдарч байгаа бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл тулгарсаар байна. Одоогоор үерийн дагуу ирсэн 25 дуудлагын дагуу Геодези, усны барилга байгууламжийн газрын 90 ажилтан, 32 тусгай техник хэрэгсэлтэйгээр хамгийн хүнд нөхцөлтэй 15 байршилд ус шавхах ажлыг гүйцэтгэж байна. Мөн Онцгой байдлын албаны 146 алба хаагч, дүүргүүдийн Онцгой комиссын гишүүд 35 машинтай үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.