🔴БНСУ-тай жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирж байгаа бөгөөд албан ёсны үйл ажиллагаа маргааш эхэлнэ.
Энэхүү айлчлалын хүрээнд шийдвэрлэх хамгийн чухал асуудлуудын нэг нь манай улсаас БНСУ-д оршин сууж байгаа болон тус улс руу зорчиж буй иргэд жолооны үнэмлэхээ ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр шууд ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнгөрсөн тавдугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Хууль зүйн сайдтай ажил хэргийн уулзалт хийж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэний нэг нь жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай байв. Энэ нь БНСУ-д нэг жил хүртэлх хугацаагаар ажиллаж, амьдарч, сурч, зорчиж буй Монгол Улсын иргэд өөрийн орны жолооны үнэмлэхээрээ шууд тээврийн хэрэгсэл жолоодох боломж бүрдэж байна. Харин тус улсад нэгээс дээш жилээр оршин сууж байгаа иргэдийн хувьд ямар нэгэн шалгалт өгөхгүйгээр Монгол Улсын жолооны үнэмлэхээ БНСУ-ын жолооны үнэмлэхээр шууд солиулах нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэхүү шийдвэр нь БНСУ-д амьдарч, ажиллаж буй 60 гаруй мянган монгол иргэнээс гадна аялал жуулчлал, эмчилгээний зорилгоор тус улсыг зорин очиж буй олон арван мянган иргэдийн хувьд асар өндөр ач холбогдолтой юм. Иргэд Солонгос улсад очсон даруйдаа автомашин хөлслөн унах, өөрсдийн хэрэгцээнд шууд ашиглах боломж энэхүү айлчлалын үр дүнд бодит ажил хэрэг болно гэдгийг ХЗДХ-ийн сайд онцоллоо.
Үүнээс гадна Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас БНСУ-ын Цагаачлалын албатай харилцан санал солилцож, аялал жуулчлал болон эрүүл мэндийн шалтгаанаар зорчих иргэдийг визгүй эсвэл визийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах чиглэлээр ажиллаж байна. Одоогоор хоёр улсын хооронд визгүй зорчдог болох асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа бөгөөд энэ хэрээр иргэдийн зорчих, ажиллах нөхцөл хөнгөвчлөгдөх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.