🔴Эрчим хүчний салбарын сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой хэд хэдэн томоохон шийдвэрүүдийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрчимжүүлэх, Лүнгийн чиглэлийн авто замыг шинэчлэх, эрчим хүчний салбарын сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хаврын тариалалтын дүн болон Багануурын уурхайг түшиглэн хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Хөгжлийн банк санхүүгийн хүндрэлээс бүрэн гарч, хөгжлийн санхүүжилтийг дахин олгох нөхцөл бүрдсэнийг Засгийн газраас мэдээллээ. Сүүлийн таван жилийн хугацаанд тулгарсан зээлийн асуудлуудыг шийдвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийсний үр дүнд банкны актив бүрэн цэвэрлэгдэж, ашигт ажиллагааны түвшинд хүрсэн байна. Түүнчлэн Засгийн газрын баталгаагүйгээр, улсын өрд нөлөөлөхгүйгээр 500 сая ам.долларын эх үүсвэрийг жилийн 6.9 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс амжилттай босгожээ. Цаашид тус банк улс төрийн нөлөөлөлгүйгээр, бие даасан санхүүгийн зарчмаар дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм.
Мөн хуралдаанаар баруун аймгуудыг чиглэсэн гол гарц болох Лүнгийн 101.7 километр авто замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. ТЭЗҮ болон зураг төсөл нь бэлэн болсон тус замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ оны есдүгээр сарын 1-нээс барьж эхлэхээр төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж байна. Эхний ээлжид таван байршилд 220 МВт-ын хүчин чадалтай, батарей хураагууртай нарны цахилгаан станц барих гэрээг байгуулж, ажил эхэлжээ. Энэхүү туршлагад тулгуурлан дараагийн шатны сонгон шалгаруулалтыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгуудад зарлахаар шийдвэрлэв. Мөн говийн бүсийн Цогтцэций, Ханбогд, Мандах сумдад дэд станцад холбогдох нөхцөлтэй гурван байршил, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станц барих төслийн сонгон шалгаруулалтыг явуулах аж.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Улсын хэмжээнд хүчдэлийн уналттай байгаа 134 сумаас эхний ээлжид 22 сумыг багцлан, нарны болон батарей хураагууртай эрчим хүчний эх үүсвэрээр хангах тендерийг зарласан. Баруун бүсийн эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулахад 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах нь шийдвэрлэх ач холбогдолтой. Мөн Эгийн голын УЦС-ын байгаль орчны үнэлгээг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Үр дүн нь энэ оны сүүлээр гарна гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрин сайд Ц.Идэрбат:
-Хаврын тариалалт амжилттай дууссан. Улсын хэмжээнд нийт 530 гаруй мянган га талбайд тариалалт хийснээс 316 мянган га-д улаан буудай, 11 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо тариалжээ. Нийт тариалсан ургацын 70 гаруй хувь нь сайн ургалттай байна. Засгийн газраас тариаланчдад зориулж шатахууны үнийг 3400 төгрөгт барьж, долоон мянга гаруй тонн түлш олгосон төдийгүй ганд нэрвэгдсэн 130 орчим аж ахуйн нэгж, иргэнд хөнгөлөлттэй зээл олгосон нь үр дүнгээ өгсөн. Намрын ургац хураалтыг алдагдалгүй зохион байгуулах зорилгоор салбар дундын Ургацын комиссыг байгуулахаар шийдвэрлэсэн.
Малчдын орлогыг дэмжих "Арьс шир баялаг" төслийг таван аймагт туршиж эхэлсэн. Ховд, Эмээлт, Дархан, Өвөрхангай дахь аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэрүүдийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ховдын аж үйлдвэрийн паркийн дутуу байгаа 14.3 тэрбум төгрөгийн дэд бүтцийг бүсчилсэн ногоон хөгжлийн төслийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мал эмнэлгийн салбарт "Эрүүл мал" хоёр жилийн аяныг эхлүүлж, шүлхий өвчний эсрэг вакцинжуулалт, хяналтыг чангатгахаар болсон гэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Сандаг-Очир:
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах зорилгоор Багануурын уурхайн ордыг түшиглэн нүүрс пиролизын (хагас коксжуулсан түлшний) үйлдвэр барих шийдвэрийг эцэслэн гаргасан. Төслийн ТЭЗҮ бэлэн болж, БНХАУ-д хийсэн туршилтаар Багануурын нүүрснээс гаргаж авсан түлшний чанар одоогийн мөрдөгдөж буй стандартуудаас өндөр гарсан. Үйлдвэрийг дагаж 50 МВт-ын цахилгаан станц болон давирхайн бүтээгдэхүүний үйлдвэр баригдах бөгөөд нийт өртөг нь 490 гаруй тэрбум төгрөг.
Санхүүжилтийн 20 хувийг Чингис хаан баялгийн сангаас, 10 хувийг Нийслэлийн төсвөөс, үлдсэн 70 хувийг гадаадын хөрөнгө оруулалт, түншлэлийн хүрээнд шийдвэрлэнэ. Төслийн гүйцэтгэгчийг энэ оны гуравдугаар улиралд багтаан сонгон шалгаруулж, дөрөвдүгээр улиралд барилгын ажлыг эхлүүлнэ. Үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнийг 2027 оны дөрөвдүгээр улиралд гаргаж, 2028 оны нэгдүгээр улиралд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад 40 хоногийн хугацаа үлдээд байна. Барилга угсралт, дэд бүтцийн ажлыг наймдугаар сарын 3-4-ний хооронд дуусгаж НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөөр 24 цагаар ажиллаж байна. Олон улсын сонирхол маш өндөр байгаа бөгөөд одоогоор 700 гаруй төсөл, хөтөлбөр танилцуулах хүсэлт иржээ. Сайн дурын ажилтнаар ажиллах 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 600 хүнийг сонгон шалгаруулж сургалтад хамруулж байна. Монгол Улс тус хурлаар бэлчээрийн менежмент, ус болон газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан дэд бүтцийн шийдэл гэсэн гурван гол санаачилгыг дэвшүүлэн хэлэлцүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.