Наадмын өдрүүдэд осол, гэмтлээс сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа

AI хөрвүүлсэн
Наадмын өдрүүдэд осол, гэмтлээс сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа

Гэмтэл Согтоолтын Үндэсний Төв (ГССҮТ) болон Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба хамтран баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.

Жил бүрийн долоодугаар сард амралт, аялал зугаалга нэмэгддэгтэй холбоотойгоор зам тээврийн осол, түлэгдэлт, могойд хатгуулах тохиолдол эрс өсдөг байна. Жилд дунджаар 100 гаруй хүн могойд хатгуулдаг бөгөөд тэдний дийлэнх нь хүүхэд байдаг аж.

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар 260 тун могойн хорны эсрэг ерөндгийг худалдан авч, эрсдэл өндөртэй Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймагт хуваарилжээ. Харин Улаанбаатар хотод Цэргийн төв эмнэлэг болон ГССҮТ-ийн төв, салбар эмнэлгүүдэд ерөндөгийн нөөц бэлэн байгаа юм.

Могойд хатгуулсан тохиолдолд хорыг амаараа сорох, чанга боох зэрэг уламжлалт аргыг хэрэглэхгүй, хатгуулсан мөчийг хөдөлгөөнгүй байлгаж, яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөв. Мөн зуны улиралд хүүхдийн түлэгдэлт нэмэгддэг байна. Энэ оны байдлаар ГССҮТ-ийн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн 6000 орчим хүний 60 хувь нь хүүхэд бөгөөд тэдний 80 хувь нь 1-2 настай багачууд байна. Ихэнх тохиолдолд халуун хоол, цайнд түлэгдсэн байдаг бол насанд хүрэгчид хорхог, боодог хийхдээ бензин ашигласнаас хүнд түлэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулав.

Түлэгдсэн үед хамгийн түрүүнд түлэгдсэн хэсгийг 15 минут орчим урсгал усаар хөргөж, ямар нэгэн тос, саван, элсэн чихэр зэрэг зүйл түрхэлгүй цэвэрхэн даавуугаар боон эмнэлэгт яаралтай хандах шаардлагатайг онцоллоо.

Баяр наадмын урт амралтаар орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Өнгөрсөн оны долоодугаар сард зам тээврийн ослын улмаас 50 гаруй хүн амиа алдсан бөгөөд осолд өртөгсдийн 40 гаруй хувийг хүүхэд эзэлжээ.

Гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх дүрэм зөрчих, жолоочийн ядаргаа, нойргүйдэл, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой байна. Тээврийн цагдаагийн албаны шалгалтаар хотоос гарч буй автомашинуудын дугуй элэгдсэн, тэнхлэгийн тохиргоо алдагдсан, гэрэлтүүлэг нь бүрэн ажиллахгүй зэрэг зөрчил түгээмэл илэрчээ.

Мөн хүүхдийг зориулалтын хамгаалах суудалгүй зорчуулж байгаа нь ослын үед амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг болохыг санууллаа. Түүнчлэн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс шалтгаалсан гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс ГССҮТ нь хүчирхийлэлд өртсөн иргэдийг эмнэлгийн дэргэдэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-д хүлээн авч, түр хамгаалах байр болон холбогдох байгууллагуудтай хамтран тусламж үйлчилгээ үзүүлж байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.