Дональд Трамп, Владимир Путин нар Украины мөргөлдөөний асуудлаар 90мин утсаар ярьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2026 оны долоодугаар сарын 4-ний өдөр утсаар холбогдож, Украины зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах болон хоёр талын харилцааны чухал асуудлуудаар 90 орчим минут үргэлжилсэн өргөн хүрээний хэлэлцээ хийжээ.
АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойн баярын өдөр тохиосон уг яриа нь хоёр улсын удирдагчдын хувьд 2026 он гарсаар хийж буй дөрөв дэх удаагийн утасны яриа болж байна. Кремлийн ордны зүгээс уг яриаг ажил хэрэгч бөгөөд бүтээлч уур амьсгалд болж өнгөрснийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг дипломат арга замаар шуурхай шийдвэрлэхэд зуучлах, галыг зогсооход дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, АНУ-ын энхийн төлөөлөгч Стив Виткофф, Жаред Кушнер нар зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлж, Москва хотод дахин зочлоход бэлэн байгааг Трамп уламжилжээ.
Оросын тал улс төр, дипломатын шийдлийг дэмжиж байгаа ч аливаа тохиролцоо нь Донбассын бүсийг бүрэн хяналтдаа авах зэрэг Москвагийн үндсэн шаардлагад нийцсэн байх ёстой гэсэн байр сууриа хамгаалсан байна. Киевийн засаг захиргаа уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж байгаа юм.
Утасны ярианы явцад талууд фронтын шугам дахь нөхцөл байдлын талаар зөрүүтэй мэдээллийг солилцсон байна.
Владимир Путин Оросын зэвсэгт хүчин урагшлан давшиж, газар нутгаа тэлж байгааг дурджээ. Оросын цэргийн командлагчид Донецк мужийн стратегийн чухал ач холбогдолтой Константиновка хотыг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн боловч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб үүнийг эрс үгүйсгэж, худал мэдээлэл хэмээн няцаасан байна. Түүнчлэн Оросын тал Украиныг өөрийн газрын тосны дэд бүтцэд алсын зайн дроноор цохилт өгч, зарим бүс нутагт түлшний хомстол үүсгэн дайныг сунжруулж байна гэж буруутгав.
Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын удирдагчтай ярихаас гадна тухайн өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мөн утсаар холбогджээ. Зеленский энэхүү яриаг маш үр дүнтэй болсныг тэмдэглээд, дайныг зогсоох бодит боломж байгаа бөгөөд үүнд Америкийн шийдвэртэй алхам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон байна.
Хоёр удирдагч Туркийн Анкара хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Украны асуудлаас гадна хоёр улсын төрийн тэргүүнүүд Ираны эргэн тойрон дахь хурцадмал байдал, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, сансар судлал болон хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөн ярилцсан байна. Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болсон энэхүү яриа хэлэлцээ нь цаашдын олон улсын дипломат харилцаа болон Украины дайныг зогсоох энхийн санаачилгад томоохон нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.