Италийн алдартай далайн эрэгт нарны хаалт ашиглахыг хориглолоо
Италийн Сардини арлын зүүн өмнөд эрэгт байрлах Вилласимиус хотын эрх баригчид алдартай Пунта Молентис далайн эрэгт амрагчдыг нарны наалт ашиглахыг хатуу хориглосон маргаантай шийдвэр гаргалаа. Уг хязгаарлалт нь 10-аас 65 насны бүх хүмүүст хамаарах бөгөөд байгаль орчныг хамгаалах болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой юм.
Шинэ журмын дагуу амрагчид нарны наалтаас гадна асар, майхан зэрэг сүүдэрлэх зориулалттай ямар ч хэрэгсэл дэлгэх эрхгүй болжээ. Харин 10 болон түүнээс доош насны хүүхэдтэй гэр бүл, 65-аас дээш насны ахмад настнуудад онцгой эрх олгосон бөгөөд тэдэнд дундаа нэг хаалт ашиглахыг зөвшөөрсөн байна. Дээрх түр журам нь далайн эргийн оргил ачааллын улирал дуусах хүртэл буюу 2026 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжих аж.
Орон нутгийн удирдлагууд ийм хатуу арга хэмжээ авах болсон шалтгаанаа өнгөрсөн онд гарсан гамшигтай холбон тайлбарлаж байна. 2025 оны долдугаар сард тус бүс нутагт хүчтэй хээрийн түймэр гарах үед эрэг дээрх хэт бөөгнөрөл болон эмх замбараагүй зоосон олон тооны нарны хаалт нь иргэдийг нүүлгэн шилжүүлэх аврах ажиллагаанд ноцтой саад учруулж байжээ. Түүнчлэн далайн цаг уурын онцгой үзэгдэл болон түймрийн уршгаар элсэн манхны даац буурч, экосистемд аюул учирсан тул хүний нөлөөллийг бууруулах зайлшгүй шаардлага үүссэн байна.
Хаалтын хоригоос гадна нэвтрэх хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тогтоож, төлбөртэй систем нэвтрүүлжээ. Жуулчид урьдчилан цахимаар захиалга өгч, нэг хүний 10 еврогийн байгаль орчны хураамж төлөх шаардлагатай. Өдөрт дээд тал нь 70 тээврийн хэрэгсэл зогсоолд байрлах, элсэн манхан дээр нэгэн зэрэг 150-аас илүүгүй хүн байхыг зөвшөөрнө. Усан завиар ирэх хүмүүсийн тоог 100-гаар хязгаарлаж, 5 еврогийн хураамжтайгаар ердөө нэг цаг саатах эрх олгосны зэрэгцээ үүргэвч, хөргөгч цүнх авчрахыг хориглосон байна. Эрэг өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл ажиллана.
Эдгээр гэнэтийн бөгөөд хатуу хязгаарлалтууд нь олон нийтийн сүлжээнд хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Олон хүн сүүдрэвчгүй орчинд наршилт болон арьсны хорт хавдар тусах эрсдэлтэйг сануулж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн шүүмжилжээ. Вилласимиус хотын зөвлөлийн цахим хуудсанд иргэд "Хаалт зоохын тулд хүүхэд түрээслэх хэрэг үү?", "Өвөөгөө дагуулж явах, эсвэл маргаашийн дотор хүүхэдтэй болох ёстой юу?" хэмээн ёжилсон сэтгэгдлүүд үлдээж, зарим жуулчид тус далайн эрэгт очихоос бүрмөсөн татгалзахыг уриалж эхэлжээ.
Уг үйл явдал нь аялал жуулчлалын бүсүүд дэх байгаль хамгаалал болон жуулчдын тав тухын хоорондын тэнцвэрийг хэрхэн хадгалах тухай томоохон маргааны эхлэлийг тавьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.