Ц.Аззаяа "Miss Grand International All Stars" тэмцээний шилдэг 18-д шалгарлаа
Тайландын нийслэл Бангкок хотноо 2026 оны 5-р сарын 18-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Miss Grand International All Stars" гоо бүсгүйн тэмцээнд Ц.Аззаяа амжилттай оролцож, шилдэг 18 оролцогчийн нэгээр шалгарлаа. Тэрээр 38 орны 58 гоо бүсгүй өрсөлдсөн тус тэмцээний "Шилдэг тайзны алхаа" шалгаруулалтад ялалт байгуулснаар ийнхүү шууд эцсийн шатанд үлдэх эрхээ баталгаажуулсан байна.
Тус олон улсын тэмцээн нь 100,000-аас 1,000,000 ам.долларын шагналын сантай бөгөөд шүүгчдийн үнэлгээг олон нийтэд ил тод харуулдаг онцлогтой. Шүүгч бүр 0.00-ээс 10.00 хүртэлх оноог шууд дэлгэцээр харуулж дүгнэсэн бөгөөд эцсийн шатны шалгаруулалтын дүнгийн 70 хувийг шүүгчдийн үнэлгээ, үлдсэн 30 хувийг олон нийтийн санал асуулга бүрдүүлжээ. Оролцогчид усны хувцас, үндэсний хувцас, хөрөг зураг болон нүүр будалтгүй тайзны алхаа зэрэг олон төрлийн нарийн шалгууруудыг давж өрсөлдсөн байна.
Шилдэг 18-д багтсан Ц.Аззаяа нь өмнө нь 2015 оны тэргүүн мисс, 2018 оны Азийн миссээр тус тус тодорч байсан туршлагатай оролцогч юм. Тэрээр хөгжимт драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө жүжигчин, дуучин, бүжигчнээр олон талт уран бүтээл туурвидаг авьяаслаг нэгэн билээ. Түүний олон талын ур чадвар нь олон улсын тайзан дээр өндөр амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн байна.
Гоо бүсгүйн гаргасан амжилтын үндэс нь түүний гэр бүлийн удам судартай салшгүй холбоотой гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Түүний өвөө нь 1980 оны Москвагийн олимпод оролцож байсан жүдоч, улсын заан, гавьяат тамирчин Д.Амгаа бол нагац ах нь мэргэжлийн сүмо бөхийн макүүчи зиндаанд барилдаж байсан Сэйро А.Өнөболд юм. Түүнчлэн ээж нь олны танил дуучин Д.Ширмэнтуяа, эмээ нь гавьяат жүжигчин Л.Чаминчулуун зэрэг урлаг, спортын алдартнуудын гэр бүлээс гаралтай ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.