Европын Холбооноос Temu платформыг 200 сая еврогоор торголоо
Европын Холбооны Гүйцэтгэх засаглал болох Европын Комиссоос Хятадын онлайн худалдааны "Temu" платформыг Дижитал үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр 200 сая еврогоор торгох шийдвэр гаргалаа.
Энэхүү арга хэмжээ нь тус сүлжээгээр дамжуулан худалдаалагдаж буй хууль бус, аюултай бүтээгдэхүүний эрсдэлийг үнэлэх, таслан зогсоох үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой юм.
Европын Холбооноос явуулсан "нууц худалдан авалт"-ын шалгалтаар тус платформ дээр зарагдаж байсан цахилгаан цэнэглэгчүүдийн дийлэнх нь аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.
Түүнчлэн хүүхдийн тоглоомууд нь хортой химийн бодис агуулсан, эсвэл амьсгал боогдуулах ноцтой эрсдэлтэй байсныг илрүүлсэн байна.
Үүнээс гадна платформын алгоритм болон нөлөөлөгчдийн сурталчилгааны систем нь эдгээр аюултай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түгээх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байсан гэж албаныхан шүүмжилжээ.
Дижитал үйлчилгээний тухай хуулийн дагуу "Маш том онлайн платформ" ангилалд бүртгэгдсэн компаниуд дэлхийн жилийн эргэлтийнхээ зургаа хүртэлх хувиар торгуулах эрсдэлтэй байдаг. Ойролцоогоор 232 сая ам.доллартай тэнцэх уг торгууль нь тус хуулиар ногдуулж буй хоёр дахь бөгөөд хамгийн өндөр хэмжээний шийтгэл болж байна. Өмнө нь "X" буюу хуучнаар Твиттер компани мөн ижил хуулийн хүрээнд 120 сая еврогоор торгуулж байсан юм.
Уг шийдвэрийн хариуд Temu компанийн зүгээс торгуулийн хэмжээг хэт өндөр бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч тус компани 2024 оноос хойш дотоод системээ сайжруулж, эрсдэлийн үнэлгээг чангатгасан гэдгээ онцлоод, цаашид Европын Холбоотой үргэлжлүүлэн хамтран ажиллахаа мэдэгджээ.
Цаашид Temu платформ нь илэрсэн зөрчлийг арилгах, эрсдэлийн менежментийг сайжруулах нарийвчилсан төлөвлөгөөгөө Европын Комисст танилцуулах үүрэг хүлээж байна. Хэрэв заасан хугацаанд буюу 2026 оны наймдугаар сарын 28-ны дотор уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй тохиолдолд нэмэлт торгууль ногдуулахыг Европын Холбооны төлөөлөгчид хатуу анхаарууллаа.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.