🔴О.Баасанхүү: Төрийн өмч хөрөнгийг завших, үнэгүйдүүлэх оролдлогыг таслан зогсоох ёстой

AI хөрвүүлсэн

Хуульч О.Баасанхүү Капитал банкны эрх хүлээн авагчийн мэдэлд байгаа хөрөнгүүд удаан хугацаанд маргаантай, ашиглалтгүй байснаас үнэ цэнээ алдаж, улмаар төрд их хэмжээний хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн талаар мэдээлэл өглөө.

Хуульч О.Баасанхүү:

-Тухайн барилга байгууламжийн одоогийн нөхцөл байдал нь цонх, шал, дээвэр зэрэг нь бүгд эвдрэлтэй болсон. Ашиглалтын болон хамгаалалтын зардал хэрхэн гарч байгаа нь ч тодорхойгүй байна. Хангай төвийн эсрэг талд дахин нэг эзэнгүй балгас бий болсон мэт нөхцөл үүсчихлээ. Мөн “Капитал банкны эрх хүлээн авагчийн мэдэлд байгаа хөрөнгүүд дунд өнөөдөр бодит үнэ цэнтэй, бүрэн ашиглагдах боломжтой зүйл бараг үлдээгүй. Эцэстээ төр өөрөө хамгийн их хохирч байна.

2011 онд шүүгч н.Мөнхзулын гаргасан захирамжид долоон жилийн дараа шүүгч н.Ичинхорлоо өөрчлөлт оруулж, тухайн үл хөдлөх хөрөнгийг иргэн Тунгалаг болон түүний дүү нарын нэр дээр шилжүүлэх агуулгатай гүйцэтгэх хуудас бичсэн. Шүүх өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд, бүртгэл болон өмчлөл нь өөр этгээдийн нэр дээр байгаа хөрөнгөтэй холбоотой шийдвэрт өөрчлөлт оруулсан нь ноцтой зөрчил болж байна.

Үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээ нь бүгд Капитал банкны нэр дээр байсаар байгаа. Захиргааны хэргийн шүүх нь хууль бус захиргааны үйл ажиллагааг таслан зогсоох, хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага. Харин гуравдагч этгээдийн өмчлөлийн маргаан иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл тухайн хөрөнгийг 2019 оноос хойш битүүмжилсэн хэвээр байлгаснаас болж найман жилийн хугацаанд барилга ашиглалтгүй болж, их хэмжээгээр эвдэрч сүйдсэн. Одоогийн байдлаар энэ барилгад хамгийн багадаа хоёр тэрбум төгрөгийн засвар, үйлчилгээ шаардлагатай гэсэн тооцоо гарсан.

Энэ хохирлыг хэн хариуцах вэ, хууль бус шийдвэрийг хэн гаргасан бэ гэдэг асуудлыг тодруулах шаардлагатай.

Би 2025 оны арваннэгдүгээр сарын 8-нд Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Тухайн гомдолд нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, төрд учирсан хохирлыг буцаан нэхэмжлэх асуудлыг тусгасан. Үүний дагуу прокурорын байгууллагаас хэд хэдэн ажиллагаа эхлүүлсэнд баяртай байдаг. Жишээ нь нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалт явуулах үүрэг бүхий нэгж ажиллаж эхэлсэн. Мөн миний өргөдлийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Тухайн этгээдүүд одоог хүртэл гэмт үйлдлээ үргэлжлүүлэн төрд 26 тэрбум төгрөгийн хохирол учруулах гэж байгаа учраас энэ асуудлыг дахин нягталж, шударга шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай. Төрийн өмч хөрөнгийг завших, үнэгүйдүүлэх оролдлогыг таслан зогсоох ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.