“Тавантолгой түлш”-ийнхэн ашиглахыг хязгаарласан их хэмжээний химийн бодис хадгалж байжээ

“Тавантолгой түлш”-ийнхэн ашиглахыг хязгаарласан их хэмжээний химийн бодис хадгалж байжээ

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан их хэмжээний химийн бодис авч, хадгалж байжээ. Тус компанийнхан шахмал түлшний барьцалдуулагч эдийг шинжлэх аргачлалыг нутагшуулах, туршилт хийх зорилгоор “Гарааны мон био про” гэх компаниас 2024 оны наймдугаар сард натрийн гидроксид, фторид, цууны хүчил, мөнгөний нитрит, иод, фенол, хүхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил гэсэн есөн төрлийн химийн бодис авсан аж.

Тэдгээрийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар сарын 8-ны А/356/396 хамтарсан тушаалын III хавсралт буюу Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан байна. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авч, үйл ажиллагаандаа хэрэглэх ёстой гэнэ.

Гэвч “Тавантолгой түлш” болон “Гарааны мон био про” ХХК-ийнхан дүгнэлт, зөвшөөрөл авалгүйгээр 2024 оны наймдугаар сард нэгэндээ худалджээ. Тиймээс уг хоёр аж ахуйн нэгжид Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.3-1, 34.1-3 дахь хэсэгт заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.