🔴Махны үнийг тогтворжуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

AI хөрвүүлсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар татварын багц хуулиуд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын дөрвөн хуулийн төслийн үзэл баримтлалыг бүлгийн өмнөх хурлаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд цаашид ажлын хэсэг байгуулан тооцоо судалгааг нарийвчилж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

УИХ-ын гишүүн С.Пүрэвдорж нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Ж.Баярмаа нарын 34 гишүүний өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцлээ. НӨАТ-ын хуулийн өөрчлөлтөөр улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн нөлөөлөл үүсэх эрсдэлтэй байгаа бөгөөд Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй уялдуулан судлах шаардлагатай гэж үзсэн байна.

Улсын төсөвт НӨАТ-аас 8.2 их наяд төгрөг төвлөрөхөөс 60-70 хувийг иргэд, 20 орчим хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг тул татварыг 50 хувиар бууруулах нь эдийн засгийн өсөлттэй нийцэх эсэхийг дахин тооцоолох шаардлагатайг онцоллоо.

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийн тухайд сумын төсвийн орлогын 70-80 хувийг бүрдүүлдэг тус татварыг бууруулснаар орон нутагт 2.7 их наяд төгрөгийн тасалдал үүсэж, үүнийг улсын төсвөөс нөхөхөд нийт 5.4 их наяд төгрөгийн нөлөөлөл үзүүлэх тооцоо гарчээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар зэрэг тусгайлсан зохицуулалтууд дээр Засгийн газар болон гишүүдийн өргөн барьсан төслүүд зөрүүтэй байгаа тул лхагва гараг хүртэл холбогдох байгууллагуудын байр суурийг нэгтгэн эцсийн шийдвэр гаргахаар тогтсон байна.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлээр Засгийн газар тасралтгүй арга хэмжээ авч байгааг бүлгийн мэдээлэлд дурдлаа. Ерөнхий сайд болон салбарын сайд нар гол нийлүүлэгч улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээр хийсний үр дүнд он дуустал шатахууны үнийг нэмэхгүй, нийлүүлэлтийг бууруулахгүй байх гэрээ байгуулжээ. Мөн зургаадугаар сараас дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр буурах төлөвтэй байгааг мэдээлэв. Махны үнийг тогтворжуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд иргэдийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх шуурхай арга хэмжээ авахыг бүлгээс чиглэл болгосон байна.

Нийслэлийн удирдлагын томилгоо болон орон нутгийн асуудал нь Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал бөгөөд үүнийг намын дотоод хагарал, талцалтай холбон тайлбарлах боломжгүй гэдгийг тодотголоо.

Ирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссантай холбоотойгоор шинэчлэх шаардлага үүссэн байна. Сонгуулийн ерөнхий хорооноос тоног төхөөрөмжид 26 тэрбум, зохион байгуулалтад 40-50 тэрбум төгрөг шаардлагатай байгааг мэдэгдсэн бөгөөд худалдан авалт гацахаас сэргийлж холбогдох төсвийг шийдвэрлэх асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгааг мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.