🔴Гурвантэс сумын иргэд хууль бус уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг яаралтай цуцлахыг төр засгаас шаардлаа

AI хөрвүүлсэн

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, малчдын төлөөлөл өнөөдөр Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал хийж, орон нутагт нь шинээр нээгдэх гэж буй уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэд 1000 гаруй километр замыг туулан ирж, төр засагт дуу хоолойгоо хүргэж байна. 

Иргэдийн мэдээлж буйгаар, тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий "Хүрэн ханын хэц" хэмээх түүх, соёлын дурсгалт газарт уул уурхайн дөрвөн компанийн долоон тусгай зөвшөөрөл олгогдож, олборлолт эхлэхэд бэлэн болжээ. Энэ газар нь аргаль, янгир зэрэг ховор ан амьтан, эмийн ургамал, усны ундаргаар баялаг бөгөөд аймаг, сумын есөн гайхамшигт багтдаг төдийгүй 2021, 2023 онуудад орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ.

Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Баясах багийн Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар, өөр багийн иргэдийг оролцуулан зохион байгуулсан гэдгийг нутгийн иргэд шүүмжилж үүнийг эсэргүүцсэн 820 иргэн гарын үсгээ цуглуулан Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн боловч уг бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу шилжүүлсэнд иргэд бухимдалтай байна. Тэд асуудлыг шийдвэрлэх ёстой дээд шатны байгууллага нь хариуцлагаас зугтаж, уурхайн компаниудад давуу тал олгож байна гэж үзэж байгаа юм.

Гурвантэс суманд өнөөдрийн байдлаар уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулж байгаагийн улмаас сумын газар нутгийн 50-60 хувь нь нөлөөллийн бүсэд өртөж, бэлчээр талхлагдан, усны нөөц хомсдож, тоосжилт хэрээс хэтэрсэн байна.

Мөн зарим компаниуд нөхөн сэргээлт хийх ёстой овоолго дээрээ гадаад ажилчдын кэмп байгуулсан зэрэг хууль бус үйлдлүүд гарч байгааг малчид онцоллоо. Хэрэв шинээр дахин дөрвөн уурхай нээгдвэл Баясах багийн 54 малчин өрх малаа бэлчээх, амьдрах газаргүй болж, шууд нүүлгэн шилжүүлэлтэд өртөх эрсдэл үүсээд байгаа талаар малчид хэллээ. 

Гурвантэс сумын иргэд Хүрэн ханын хэц орчимд олгогдсон уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг яаралтай цуцлахыг төр засгаас шаардлаа. Тэд уул уурхайгаас илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт газраа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайд болон холбогдох яамдын сайд нарыг орон нутагт биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцахыг уриалж, хэрэв иргэдийн шаардлагыг үл тоож уурхайг нээвэл амь насаараа дэнчин тавьж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ хурлын үеэр мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.