Хятадын снукер бильярдын одыг төрсөн нутагт нь рок од мэт халуун дотноор угтан авчээ
Английн Шеффилд хотын "Crucible" театрт 2026 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө болсон снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын 22 настай залуу тамирчин Ү И Зэ түрүүлсэн билээ.
Тэрээр аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Английн хашир туршлагатай тоглогч, 2005 оны аварга Шон Мөрфиг 18:17 харьцаатайгаар буулган авч, хагас сая фунт стерлингийн шагналын эзэн болсон байна.
Аваргын төлөөх тоглолт маш өрсөлдөөнтэй болж, тамирчид 14:14, 15:15, 16:16 гэсэн оноогоор удаа дараа тэнцсэн юм.
Эцсийн үр дүн 35 дахь өрөг дээр шийдвэрлэгдсэн нь 2002 оноос хойш дэлхийн аваргын шигшээ тоглолтод гараагүй ховор тохиолдол байв. Энэхүү ялалтаараа дөнгөж 22 настай Ү И Зэ нь домогт Стивен Хендригийн дараа орох дэлхийн хамгийн залуу хоёр дахь аваргаар тодорч, снукер бильярдын түүхэнд нэрээ мөнхөллөө.
Шинэхэн аварга 5 дугаар сарын 7-ны өдөр эх орондоо буцаж ирэхэд Шиань хотын хөгжөөн дэмжигчид түүнийг рок од мэт халуун дотноор угтан авчээ.

Хятадын хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээнд энэхүү түүхэн амжилтыг өргөнөөр тэмдэглэж байгаа бөгөөд "Ү И Зэ дэлхийн аварга боллоо" гэсэн хаштаг "Weibo" сүлжээнд хэдхэн өдрийн дотор 40 сая гаруй хандалт авсан байна. Тэрээр 2025 онд түрүүлсэн Жао Шинтунгийн дараа энэхүү нэр хүндтэй цомыг хүртсэн Хятадын хоёр дахь тамирчин болж, тус улсын тамирчид хоёр жил дараалан дэлхийд ноёрхож буйг батлан харууллаа.
Мэргэжлийн снукер бильярдын замналаа 2021 онд эхлүүлсэн Ү И Зэ цом гардах мөчид сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй юм.
Тэрээр бага нас (17 настайгаасаа)-ндаа сургуулиа орхиж, спортод бүхнээ зориулахад нь бүх талаар дэмжиж, асар их золиос гаргасан эцэг эхдээ энэхүү ялалтаа зориулж, тэднийг "жинхэнэ аваргууд" хэмээн нэрлээд байгаа юм. Түүнтэй өрсөлдсөн Шон Мөрфи ялагдлаа хүлээн зөвшөөрч, Ү И Зэг хэзээ нэгэн цагт дэлхийн аварга болно гэдгийг өмнө нь таамаглаж байснаа дурдаад "Энэ өдөр нь өнөөдөр байсанд л харамсаж байна" хэмээн өгүүлсэн байна.
Хятадын снукерийн анхдагчдын нэг Дин Жүнхуй өөрийн цахим хуудсандаа "Энэ бол зүгээр нэг амжилт биш, бидний эрин үе ирж байгаагийн дохио юм" хэмээн бичиж, баяр хүргэсэн байна.
Цаашид олон улсын тавцанд Азийн тамирчдын өрсөлдөөн улам ширүүсэж, снукер бильярдын спортын хөгжилд шинэ хуудас нээгдэх нь тодорхой боллоо.
Эх сурвалж:
• bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.