Хиймэл оюун ухааныг ёс зүйтэй ашиглая

Хиймэл оюун ухааныг ёс зүйтэй ашиглая

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (5 дугаар сарын 03)-ийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, сэтгүүлчдэд хиймэл оюуныг ёс зүйтэй ашиглахыг уриалж байна.

Хиймэл оюун болон дижиталчлал эрчимжиж буй энэ үед нийтийн эрх ашгийг хамгаалсан, шударга, бие даасан хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам бүр нэмэгдэж байгааг 2025 оны аравдугаар сард зохион байгуулагдсан “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ын үеэр онцлон хэлэлцжээ. 

Үүсгэгч хиймэл оюун (Generative AI)-ы хурдацтай хөгжил нь мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх үйл явцад томоохон өөрчлөлт авчирч байна. Дэлхийн олон оронд хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюуныг мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүрэх шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд идэвхтэй ашиглаж байна.

Тухайлбал, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх, баримт шалгах, архивын контентыг сэргээж шинэ хэлбэрээр түгээх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн контент санал болгох, редакцын дотоод үйл ажиллагааг оновчлох зэрэгт үр дүнтэй ашиглаж байна. Гэсэн хэдий ч хиймэл оюуны хэрэглээтэй зэрэгцэн худал мэдээлэл түгээх, төөрөгдүүлэх, алгоритмын гажуудал, ил тод бус байдал, хүний хяналт сулрах, нууцлал зөрчигдөх зэрэг эрсдэл нэмэгдэж буйг анхаарах шаардлагатай юм. 

Иймээс хиймэл оюуныг сэтгүүл зүйд ашиглахдаа ёс зүй, мэргэжлийн стандарт, олон нийтийн эрх ашгийг тэргүүнд тавих нь зүйтэй.

Энэ хүрээнд дараах зарчмуудыг мөрдөхийг зөвлөж байна:

~Хиймэл оюун нь сэтгүүлч, редакцын шийдвэрийг орлох бус, дэмжих хэрэгсэл байна. Нийтлэлийн эцсийн хариуцлага хүн дээр үлдэнэ. 

~Хиймэл оюунаас гарсан мэдээллийг баталгаажаагүй эх сурвалж гэж үзэж, баримт, эшлэл, өгөгдлийг заавал давхар шалгана. 

~Хиймэл оюун ашигласан тохиолдолд ил тод мэдээлж, холбогдох тэмдэглэгээ хийж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байх. 

~Худал мэдээлэл, манипуляци, хэтрүүлсэн гарчиг (clickbait) бүтээхэд ашиглахгүй байх, мэдээллийн чанар, үнэн зөвийг эрхэмлэх. 

~Нууц, эмзэг, хувийн мэдээллийг хиймэл оюуны системд оруулахгүй байх, эх сурвалжийн аюулгүй байдлыг хамгаалах. 

~Зураг, видео, аудио контентыг гуйвуулахгүй, зөвхөн туслах хэлбэрээр ашиглах. 

~Алгоритмын хазайлтаас сэргийлж, мэдээллийн тэнцвэр, олон талт байдал, шударга байдлыг хангах. 

~Зохиогчийн эрх, лиценз, эх сурвалж ашиглах нөхцөлийг чанд мөрдөх. 

~Сэтгүүлчид хиймэл оюуны боломж, эрсдэлийн талаар мэдлэгтэй байж, байгууллагууд дотоод бодлого, сургалтаа сайжруулах.

Хиймэл оюуныг үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглахын зэрэгцээ ёс зүйн хяналтыг сулруулахгүй байхыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд уриалж байна.

e8a0224293f64c21a910227425425702

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.