Э.Цэндбаатар мэргэжлийн боксын WBC холбооны мөнгөн бүсийг хүртлээ
Мэргэжлийн боксын рингэнд 15 дахь тулаанаа хийсэн МУГТ Эрдэнэбатын Цэндбаатар супер хөнгөн жингийн "WBC Silver" бүсийн эзэн боллоо. АНУ-ын цагаар 2026 оны тавдугаар сарын 1-ний баасан гарагт болсон уг тулаанд тэрээр ялалт байгуулснаар мэргэжлийн замналдаа 15 дараалан ялж, нэг ч ялагдалгүйгээр амжилтаа ахиулж байна.
Ээлжит тулаанд түүний өрсөлдөгч нь АНУ-ын Мэрилэнд мужид оршин суудаг, Барбадос улсаас гаралтай 34 настай Кобиа Бриди байв. К.Бриди нь тоглолтын өмнө 18 ялж, ганцхан удаа ялагдсан үзүүлэлттэй байсан бөгөөд цорын ганц ялагдлаа 2020 онд Нямбаярын Төгсцогттой тулалдах үедээ хүлээж байжээ. Аваргын төлөөх уг тоглолт Мэрилэнд мужийн Хановер хот дахь "Live! Casino & Hotel Maryland" цогцолборын "The HALL at Live!" танхимд зохион байгуулагдсан юм.
"ProBox Promotions" болон "NoXcuse Promotions" компаниудын хамтран зохион байгуулсан "The Contender Series" арга хэмжээний оргил тулаан болсон уг тоглолтыг "ProBox TV"-ээр дэлхий даяар шууд дамжуулан үзүүллээ. Э.Цэндбаатар нь өмнө нь сонирхогчийн боксын төрлөөр 2016 оны Рио, 2020 оны Токиогийн олимпод оролцож, 2018 оны Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан өндөр туршлагатай тамирчин бөгөөд мэргэжлийн рингэнд шилжсэнээсээ хойш "WBA Asia", "WBA Continental North America Gold" зэрэг бүсүүдийг эзэмшиж байсан түүхтэй.
Дээрх ялалт нь түүний мэргэжлийн замнал дахь маш чухал үйл явдал болж байна. Тулааны өмнө тэрээр супер хөнгөн жингийн WBC холбооны чансааны 15 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол "WBC Silver" бүсийг эзэмшсэнээр дэлхийн чансаагаа огцом ахиулах боломж бүрдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.